Billboard сэтгүүл долоо хоног бүрийн баасан гарагт хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, сонсох жагсаалтуудыг тэргүүлэх шилдэг уран бүтээлүүдийг тоймлон хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн онцлох бүтээлүүдийн жагсаалтад Оливиа Родриго, ЖЕННИ, Алекс Уоррен, Род Вэйв нарын шинэ дуу, цомгууд багтжээ.

Поп од Оливиа Родриго өөрийн "Daisy Chain Fields" хөгжмийн наадмыг эхлүүлэхийн өмнө өмнө нь зөвхөн CD дээр гарч байсан "Serena Joy" дуугаа цахим тавцангуудад байршуулсан байна. Энэхүү бүтээл нь түүний гурав дахь цомгийн жагсаалтаас хасагдаж байсан бөгөөд Маргарет Этвудын зохиолын дүрээс сэдэвлэн бүтээгджээ.

Мөн дуучин ЖЕННИ өнгөрсөн жилийн бүрэн хэмжээний бие даасан цомгоосоо хойших анхны бие даасан төсөл болох гурван дуутай "Fallen Angel" нэртэй богино хэмжээний цомгоо (EP) сонсогчдод хүргэлээ. Тус цомогт өмнө нь гарсан "Less than a Lover" дуунаас гадна акустик аялгуутай гол дуу болон "Heaven" зэрэг бүтээлүүд багтсан байна.

Түүнчлэн Алекс Уоррен өөрийн хоёр дахь цомог болох "WILDCHILD"-ийг гаргасан бол реппер, дуучин Род Вэйв нийт 24 дуу бүхий "Don't Look Down" хэмээх долоо дахь бүрэн хэмжээний цомгоо цацжээ. Түүний цомогт Саммер Жой, Лав Вон, Ирландын дуучин Эйми Карти, Австралийн инди-фолк уран бүтээлч Хазлетт нар хамтран ажилласан байна. Мөн блюграсс хөгжимчин Билли Стрингс таалал төгссөн ээждээ зориулсан "So Much for Goodbyes" цомгоо танилцуулжээ.