Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн, хүнд метал хөгжмийн үндэслэгч гэгддэг Английн Black Sabbath хамтлаг өөрсдийн эрт үеийн, 1969 онд хийгдсэн демо бичлэгүүдийн эзэмших эрхийг эргүүлэн авсан байна. Энэ тухай хамтлагийн менежер Шарон Осборн мэдэгдсэн бөгөөд анхны менежер нь эдгээр бичлэгүүдийг хамтлагт буцаан өгсөн гэнэ.

Шарон Осборн хэлэхдээ, “Энэ бүхэн тэднийх байх ёстой. Тиймээс бүх зүйл сайхан төгсөж байна” гэжээ. Эдгээр бичлэгүүд нь хамтлагийн анхны нэр болох Earth нэрээр хийгдсэн бөгөөд Black Sabbath-ийн хөгжмийн замнал эхэлж байсан түүхэн дуунууд багтсан гэдэг утгаараа фэнүүдийн хувьд маш үнэ цэнтэй юм.

Black Sabbath хамтлаг нь Оззи Осборн, Тони Айомми, Гизер Батлер, Билл Уорд нарын бүрэлдэхүүнтэйгээр 1968 онд Бирмингем хотод байгуулагдаж, Paranoid, Iron Man, War Pigs зэрэг дэлхий дахинд танигдсан хит дуунуудаараа рок хөгжмийн түүхэнд өөрсдийн гэсэн томоохон хуудсыг нээсэн билээ. Эдгээр эрт үеийн бичлэгүүд нь хамтлагийн хөгжмийн хөгжлийн эхэн үеийг харуулж байгаагаараа онцлогтой.

Одоогийн байдлаар эдгээр бичлэгүүдийг ямар хэлбэрээр (дижитал, винил гэх мэт) гаргах талаар мэдээлэл гараагүй байгаа бөгөөд фэнүүд нь тэсэн ядан хүлээж байна.