Поп-панк хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөл болох Blink-182 хамтлаг 'Take Off Your Pants And Jacket' цомгийнхоо 25 жилийн ойг угтан 'Pac-Man' видео тоглоомтой хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тусгай загварын хувцас болон цуглуулгын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргах юм.

Хамтлагийн басс гитарчин Марк Хоппусын 2023 оны Coachella наадмын үеэр өмсөж байсан Pac-Man x 7-Eleven загварын цамцны Blink-182 хувилбарыг фенүүд нь худалдан авах боломжтой болно. Мөн Blood Records-оос эрхлэн гаргаж буй дугаарлагдсан винил пянз нь цуглуулгын гол хэсэг болох аж.

Энэхүү тусгай цуглуулгыг Сан Диего хотод болох Comic-Con наадмын үеэр олон нийтэд танилцуулах бөгөөд фенүүд нь тусгайлан зассан Blink-182 x Pac-Man талбарт зочлох боломжтой. Энэхүү талбайд arcade тоглоомын машинууд, хамтлагийн гишүүдийн хүүхэлдэйн дүрслэл, Pac-Man тоглоомын шагналуудтай claw machine зэрэг сонирхол татахуйц зүйлс байрлах юм. Түүнчлэн зочид Pac-Man болон Blink-182 хамтлагийн туулай дүртэй сахиус (mascot)-тай зургаа авахуулах боломжтой.

Blink-182 хамтлагийн хувьд өнгөрсөн сард 'Take Off Your Pants And Jacket' цомгийн 25 жилийн ойн хувилбарыг стриминг платформууд дээр цацсан бөгөөд үүнд анхны 13 дуунаас гадна 6 b-side дуу багтжээ. Хамтлаг 2023 онд 'One More Time…' нэртэй сүүлийн цомгоо гаргасан бөгөөд ирэх зун Европт томоохон тоглолтуудаа хийхээр төлөвлөөд байна. Тэд Берлин, Парис, Милан хотуудад бие даасан тоглолтоо хийхээс гадна Rock Am Ring, Rock Im Park, Rock For People зэрэг томоохон хөгжмийн наадмуудын тайзнаа гарах юм.