Хүүхэлдэйн киноны алдарт Cartoon Network сувгийн хэдэн арван жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдийн хөшигний арын нарийн материалууд цахим сүлжээнд задарсан бололтой байна. Энэхүү мэдээлэл нь уран бүтээлчид болон анимейшн сонирхогчдын хувьд тэр бүр харах боломжгүй ховор баримтуудыг дэлгэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг явдал Google Drive хавтаснаас эхлэлтэй бөгөөд дотор нь *The Amazing World of Gumball*, *Foster's Home for Imaginary Friends*, *The Powerpuff Girls*, *The Looney Tunes Show*, *Duck Dodgers*, *Garfield* зэрэг цувралуудын үйлдвэрлэлийн файлууд багтсан байна. IndiaTimes-ийн мэдээлснээр уг алдагдсан файлуудын хэмжээ нийт 200GB давсан аж. Энэхүү мэдээллийг энэ сард АНУ-аас нээгдсэн "totallynotaburner" нэртэй X (хуучнаар Twitter) хаягаас анх түгээсэн байж болзошгүй бөгөөд уг хаягаас гадна *Teen Titans*, *Dexter's Laboratory*, *Robot Chicken*, *The Grim Adventures of Billy & Mandy* зэрэг бүтээлүүдийн линкийг хуваалцжээ. Одоогоор зохиогчийн эрхийн зөрчлийн улмаас олон холбоос устгагдаад байна.
Алдагдсан файлууд дотор юу байна вэ?
Энгийн үзэгчдийн хувьд хүүхэлдэйн кино нь зөвхөн бэлэн болсон анги байдаг бол бүтээх явцад олон мянган жижиг хэсгүүд ашиглагддаг. Уг файлууд дунд дүрүүдийг бүх өнцгөөс нь харуулсан загвар зураг (model sheets), программ дээр дүрийг хөдөлгөхөд бэлтгэсэн дижитал загварууд (puppet rigs) болон чанараа алддаггүй EPS вектор зургууд багтжээ.
Эдгээр материалууд нь мэргэжлийн түвшинд хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдгийг харах ховор боломж олгож байгаа ч нөгөө талдаа уран бүтээлчдийн олон жилийн хөдөлмөрийг зөвшөөрөлгүй дэлгэсэн асуудал юм.
Цаг хугацааны давхцал
Энэхүү мэдээлэл гарахтай зэрэгцэн 10 дугаар сарын 6-нд Дэвид Эллисоноор удирдуулсан Skydance компани Warner Bros. Discovery-г ойролцоогоор 110 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцлээ дуусгасан байна. Нэгдсэн шинэ компани нь одоо Warner Bros., HBO, DC Studios, CNN, Paramount болон Cartoon Network-ийг хянаж байгаа юм. Үүнээс үүдэн олон нийтийн сүлжээнд уг мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Paramount-тай холбон үзэх хандлага гарчээ.