Америкийн алдартай реппер Chance the Rapper (жинхэнэ нэр нь Чанселор Беннетт) өөрийн хуучин менежер Пэт Коркорантай хийж буй шүүхийн маргааны хоёр дахь шатанд яллаа. Энэхүү шийдвэрийн дагуу уран бүтээлчийн төлөөлөгчдийн таамаглаж байгаагаар тэрбээр нийтдээ 1.5 сая орчим ам.доллар авах магадлалтай байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Чикаго хотын тангарагтны шүүх гэрээ зөрчсөн болон хөндлөнгөөс оролцсон үндэслэлээр репперийн талд шийдвэр гаргаж, 35 ам.долларын нөхөн төлбөр олгохоор тогтоож байв. Харин итгэлцлийн үүргээ зөрчсөн тухай үлдсэн гомдлыг тавдугаар сард шүүгч тусад нь хэлэлцсэн бөгөөд Мягмар гарагт (аравдугаар сарын 13) эцсийн дүгнэлтээ танилцуулжээ.

Шүүгч Жэймс Э. Ханлоны шийдвэрт дурдсанаар менежер Коркоран нь мерч буюу сурталчилгааны бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчдээс Chance the Rapper-т мэдэгдэлгүйгээр тусдаа төлбөр авч, итгэлцлийн үүргээ зөрчсөн байна. Иймээс шүүгч түүнийг эдгээр "нууц ашиг"-аа буцаан өгөхөөс гадна тухайн хугацаанд мерчээс олсон 15 хувийн шимтгэлээ бүгдийг нь репперт төлөх үүрэг хүлээлгэв.

Төлбөрийн нарийвчилсан тооцоог удахгүй гаргана

Талууд шүүхийн нотлох баримтуудад үндэслэн эцсийн дүнг тооцоолох бөгөөд тооцооллыг хэлэлцэх шүүхийн уулзалт арваннэгдүгээр сарын сүүлээр товлогджээ. Түүнчлэн менежер нь chanceraps.com домэйн нэрийг буцаан өгөх ёстой болсон бөгөөд нөхөн төлбөр дээр хүү нэмэгдэх боломжтой байна.

Энэхүү олгох дүн нь репперийн багийн шаардсан бараг 11 сая ам.доллароос бага байх юм. Учир нь шүүгч менежерийн итгэлцлийн үүргийг зөвхөн хөгжим, аялан тоглолт, мерчээр хязгаарласан тул түүнийг Чикагогийн театрын төсөл, медиа стартап, кино компанид хувийн хөрөнгө оруулалт хийх эрхтэй байсан гэж үзжээ.

Шүүгч Ханлон мөн шүүх хурлын үеэр Коркораны мэдүүлэг нотлох баримтуудтай зөрсөн тул түүнийг үргэлж найдвартай гэрч байж чадаагүй гэж тэмдэглэсэн байна.