Хэрэгцээгүй сурталчилгаа, хуучин мэйлүүд хуримтлагдсаар Gmail хайрцаг эмх замбараагүй болох нь олон хүнд тулгардаг асуудал юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор программ хангамж хөгжүүлэгч MacPaw компани CleanMyMac системдээ Email Cleanup цэсийг шинээр нэвтрүүлжээ.

Энэхүү шинэ боломж нь одоогоор зөвхөн Gmail үйлчилгээнд зориулагдсан бөгөөд My Tools цэсэд байршиж байна. Систем нь хэрэглэгчийн ирсэн мэйлийг сурталчилгаа, мэдээллийн товхимол, спам, ноорог болон илгээгчээр нь ангилж харуулдаг. Ингэснээр олон захидлыг нэг нэгээр нь устгах шаардлагагүйгээр бөөнөөр нь устгах, архивлах, эсвэл нэг товч дараад захиалгаа цуцлах (unsubscribe) боломжтой болжээ. Мөн их зай эзэлж буй хүнд файлуудыг ялган харуулснаар Gmail, Google Drive, Google Photos-ийн багтаамжийг суллах боломжийг олгож байна.

Хувийн нууцыг бүрэн хангана

Email Cleanup нь хэрэглэгчийн хувийн захидлын агуулгыг уншихгүй, хадгалахгүй бөгөөд зөвхөн толгой мэдээлэл (header), файлын хэмжээ, огноо зэрэг метадатад шинжилгээ хийдэг. Google-ийн албан ёсны API-аар дамжин холбогддог тул хэрэглэгч хүссэн үедээ холболтоо салгах эрхтэй. Түүнчлэн нэг дор хэд хэдэн Gmail хаягийг зэрэг холбон удирдах боломжтой юм.

Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч захидал автоматаар устгагдахгүй бөгөөд үйлдлээ илгээгч, он, ангилал эсвэл файлын хэмжээгээр нь шалгах боломжтой. Устгасан захидлууд Gmail-ийн хогийн сав руу (Trash) шилжих тул 30 хоногийн дотор сэргээх боломж үлдэнэ.

CleanMyMac уг шинэ функцийг 7 хоногийн үнэгүй туршилтын хугацаатайгаар жилийн 39.96 ам.доллар буюу сарын 3.33 ам.долларын төлөвлөгөөндөө багтаажээ. Харин зөвхөн Mac компьютерын үндсэн цэвэрлэгээний хэрэгцээтэй хэрэглэгчдэд зориулсан Essential Trio багц нь жилийн 19.95 ам.доллар буюу сарын 1.66 ам.долларын үнэтэй байна.