Шүтэн бишрэгчид өөрсдийн дуртай дүр, бүтээлээ баярлан тэмдэглэдэг арга хэмжээнүүд өдгөө цахим орчны контент үйлдвэрлэлийн төв болон хувирч байна. Тухайлбал, олон мянган сонирхогчид косплэй өмсгөл өмсөн цугладаг New York Comic Con (NYCC) арга хэмжээ контент бүтээгчдийн хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулалтаа өөрчилж буйг Mashable онцоллоо.
Энэ жилийн арга хэмжээний үеэр зохион байгуулагчид танхимын баннеруудын доод хэсгийг хүртэл оролцогчид зураг, бичлэг хийж цахим сүлжээндээ нийтлэхэд тохиромжтой байхаар тооцоолж байршуулжээ. Мөн өөрийн гэсэн дагагчидтай, камер, микрофонтой ирдэг бүтээгчдэд зориулсан creator lounge буюу тусгай амралтын болон ажиллах бүсийг байгуулсан байна. Энд зориулалтын Wi-Fi сүлжээ, бичлэг эвлүүлж бэлтгэх орон зай, төхөөрөмжүүдээ цэнэглэх боломжийг бүрдүүлжээ.
2021 оны туршилтаас эхэлсэн өөрчлөлт
NYCC-ийн маркетингийн захирал Фэллон Принзиваллигийн хэлснээр энэхүү хандлага 2021 онд эхэлсэн байна. Цар тахлын дараа танхимын арга хэмжээнүүд эргэн сэргэж, богино хэмжээний бичлэгүүд түгэж байх үед тэд хоёр контент бүтээгчийг хөлслөн албан ёсны TikTok хаягаа хөтлүүлжээ. Уг туршилт дөрөв хоногийн дотор 8 сая гаруй хүнд хүрсэн тул бүтээгчидтэй албан ёсоор хамтран ажиллах болсон байна.
Өмнө нь инфлюэнсерүүд хэвлэл мэдээллийн мандат хүсдэг байсан бол одоо зохион байгуулагчид тэдэнд зориулсан тусгай мандат олгодог болжээ. NYCC-ийн удирдамжид олон нийтийн сүлжээнд 200,000-аас доошгүй дагагчтай байх шаардлага тавьдаг ч жижиг бүтээгчдийг ч өвөрмөц байдал, нийгэмлэг, нөлөөллийг нь харгалзан үздэг гэдгийг Принзивалли дурдсан байна.
Энэ жилийн хувьд хэдэн мянган бүтээгч хандаж, хүсэлт авах эрх наймдугаар сард хязгаартаа хүрсэн тул хаагджээ. Ийнхүү сошиал медиагийн хөгжилтэй уялдан шүтэн бишрэгчдийн цугларалтууд өнцөг булан бүр нь контент бүтээх студи болж хөгжиж байна.