Дуучин Трой Сиваны (Troye Sivan) шинээр гаргасан 'She’s the Best' студийн цомог Billboard сэтгүүлээс явуулсан энэ долоо хоногийн дуртай шинэ хөгжмийн санал асуулгыг итгэл төгс тэргүүллээ.
Баасан гарагт нийтлэгдэж, ням гарагт өндөрлөсөн тус санал асуулгад оролцогчдын 56 хувь нь Сиваны шинэ цомогт саналаа өгсөн байна. Ингэснээр тэрээр Карди Би, Slayyyter, Эминемтэй хамтарсан Эз Мил, Питбулл, Реми Вольф нарын шинэ уран бүтээлүүдийг ардаа орхижээ. Санал асуулгын хоёрдугаарт Карди Бигийн 'Don’t Chart' уран бүтээл 9 хувийн саналтайгаар, гуравдугаарт Slayyyter-ийн 'I Think He’s Got a Girl' дуу 7 хувийн саналаар тус тус орсон байна.
Трой Сиван Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хүмүүс дууг сонсож, миний юу хэлэх гээд байгааг ойлгон, клипийг нь үзэж, соёлын яриа өрнүүлж байвал энэ л миний хамгийн их анхаардаг зүйл" хэмээн ярьжээ.
Цомгийн гол дуу болох 'She’s the Best'-ийн клипэнд жүжигчин Николь Кидман тоглосон бөгөөд Сиван уг бүтээлийнхээ талаар "Энэ дуу миний хувьд маш чухал. Амьдралынхаа туршид мэдэрсэн ч өмнө нь хөгжмөөр хэзээ ч ингэж илэрхийлж чадаагүй зүйл минь байсан. Миний амьдралд үргэлж хамт байж, намайг бүх зүйлийг даван гарахад тусалсан эмэгтэйчүүдийн дэмжлэг, тогтвортой байдлыг ойлгож, цомгоо ч ингэж нэрлэхээр шийдсэн" гэж тайлбарласан байна.