Австралийн цахим хөгжмийн (EDM) нэрт уран бүтээлч, продюсер Дом Долла (Dom Dolla) өөрийн бие даасан Good Fortune Records хөгжмийн лейблээ албан ёсоор үүсгэн байгуулснаа зарлалаа. Тус лейблийн анхны уран бүтээл болох Torren Foot болон rhys from the sticks нарын хамтарсан “DANCE” дуу энэ Баасан гарагт (10-р сарын 16) цацагдах товтой байна.

Good Fortune нэр нь Дом Доллагийн 2024 онд шинэ болон нэр хүндтэй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн цуврал үдэшлэгээс үүдэлтэй аж. Тэрбээр уг үдэшлэгүүдээ Мельбурн, Лос-Анжелес, Нью-Йорк, Майами, Детройт, Лондон болон Манчестер хотуудад зохион байгуулж, Solomun, Green Velvet, Tiga, Fcukers, Skream зэрэг олон уран бүтээлчтэй хамтарч байв.

Энэхүү шинэ төслийн талаар Дом хэлэхдээ: “DJ хийсэн 20 жилийн дараа ч бүжгийн талбайг доргиох шинэ дуу олохоос илүү сэтгэл хөдөлгөм зүйл байхгүй хэвээр байна. Сүүлийн хэдэн жилд үдэшлэг зохион байгуулж ирсэн брэндээ би энэ долоо хоногт Good Fortune Records нэртэй бичлэгийн лейбл болгон албан ёсоор эхлүүлж байна. Энэ бол шинэ залуу уран бүтээлчид болон домогт уран бүтээлчид цуглаж, чаддаг зүйлээ хийх орон зай юм” гэжээ.

Түүний хувьд амжилт арвинтай байгаа бөгөөд өнгөрсөн жил Грэммийн шагналд нэр дэвшиж, ARIA Awards-аас хэд хэдэн шагнал хүртсэний зэрэгцээ Madison Square Garden-д хийсэн хоёр өдрийн тоглолтынхоо тасалбарыг бүрэн борлуулж байв. Мөн энэ жилийн хуваарьт нь Ази, Латин болон Хойд Америк, Их Британи, Европыг хамарсан томоохон наадам, бие даасан тоглолтууд багтсанаас гадна Hï Ibiza клубт хийсэн 13 долоо хоногийн хөтөлбөр, LIV Las Vegas дахь резидентийн сунгалт зэрэг багтжээ.