Алдарт Duran Duran хамтлагийн гитарчин асан Энди Тейлор түрүү булчирхайн хорт хавдрын улмаас 65 насандаа таалал төгссөн талаар хамтлагийн гишүүд болон түүний гэр бүлээс албан ёсоор мэдээллээ. Түүнийг хоёр хоногийн өмнө насан эцэслэснийг хамтлагийн зүгээс 11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт цахим хуудас болон Инстаграм хуудсаараа дамжуулан зарласан байна.
Хамтлагийнхан гаргасан мэдэгдэлдээ түүнийг хамтлагийн эхэн үеэс эхлэн хөгжмийн хэв маяг, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаж, тайзан дээр болон амьдрал дээр чухал түшиг тулгуур нь байсныг онцолжээ. Тейлор 1980 онд Duran Duran-д нэгдэж, 1986 онд гарсан бөгөөд 2001 онд эргэн нэгдэж 2004 оны “Astronaut” цомогт ажилласныхаа дараа 2006 онд дахин хамтлагаасаа гарчээ. Мөн 2023 оны “Danse Macabre” цомогт гитарын хэсгийг тоглосон түүхтэй.
Түүнийг Duran Duran хамтлагт байх хугацаанд тэдний 13 дуу Billboard Hot 100 жагсаалтад багтсанаас “The Reflex” (1984), “A View to a Kill” (1985) дуунууд нь нэгдүгээр байранд хүрч байв. Түүнчлэн 1982 оны алдарт “Rio” цомог нь Billboard 200 жагсаалтад нийт 128 долоо хоногийн турш багтаж байжээ. Тэрээр гоцлол уран бүтээлчээрээ хоёр дуугаа жагсаалтад оруулж, The Power Station супер хамтлагийн бүрэлдэхүүнд ч амжилттай ажиллаж байсан юм.
Энди Тейлорын хорт хавдрын оношийг 2022 онд Rock & Roll Hall of Fame-ийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хамтлагийн дуучин Саймон Ле Бон олон нийтэд анх зарлаж байв. Тэр үед тэрээр уг өвчинтэй дөрвөн жилийн турш тэмцэж байсан бөгөөд 2023 онд “Lutetium-177” хэмээх эмийг хэрэглэснээр амьдрах хугацаа нь таван жилээр уртассан тухайгаа хуваалцаж байжээ. Түүний эхнэр Трэйси болон дөрвөн хүүхэд, ач хүү нь түүнийг дурсан үлдсэн байна.