Их Британийн алдарт Duran Duran болон The Power Station хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Энди Тейлор олон жил тэмцсэн түрүү булчирхайн хорт хавдрын улмаас 65 насандаа таалал төгслөө.

Дэлхийн өнцөг булан бүр дэх сая сая хөгжмийн шүтэн бишрэгчдийн нэгэн адил Chic хамтлагийн гишүүн, алдартай продюсер Найл Роджерс түүний араас эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлжээ. Найл Роджерс өөрийн цахим хуудаснаа “Хүндэт Энди Тейлор тайван нойрс доо. Бид хамтдаа тоолж баршгүй олон сайхан өдөр, шөнийг өнгөрүүлсэн бэ? Өнгөрсөн шөнө чамайг таалал төгссөн тухай мэдээг сонсохдоо би унтаж байлаа. Тайван нойрс доо, миний эрхэм найз минь. Бид хамт байхдаа үргэлж аз жаргалтай байсан. Чамдаа хайртай шүү” хэмээн бичсэн байна.

Мөн өөрөө хорт хавдрыг даван туулсан Найл Роджерс “Бернард Эдвардс чамд хайртай байсан, Тони Томпсон чамд хайртай байсан. Бидний хоёр хамтлаг хамгийн нандин холбоогоор үүрд холбогдох болно. Жинхэнэ гэр бүл. Амар амгалан, мөнхийн хайрыг хүсье” хэмээн нэмж дурджээ. Тэрээр 1980-аад оны үед Энди Тейлортой хамт авахуулсан гэрэл зургаа хуваалцаж, “Биднийг үргэлж дурсах миний сэтгэл... гитарчин ахан дүүс” гэсэн тайлбар үлдээсэн байна.

Найл Роджерс болон Энди Тейлор нарын нөхөрлөл, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Найл Роджерс Duran Duran хамтлагийн олон хит дуун дээр ажиллаж байсан бөгөөд тэдний нөхөрлөл тус хамтлагийн 1984 оны АНУ-ын чартын анхны тэргүүн байрын уран бүтээл болох “The Reflex”-ээс эхэлжээ. Мөн Chic хамтлагийн басс гитарчин Бернард Эдвардс The Power Station хамтлагийн 1985 оны анхны цомгийг продюсерласан бөгөөд уг төсөлд Энди Тейлор, Жон Тейлор, дуучин Роберт Палмер болон бөмбөрчин Тони Томпсон нар багтаж, Найл Роджерс ч албан бусаар тусалж байжээ.

Энди Тейлор Duran Duran хамтлагт байх хугацаандаа Billboard Hot 100 чартад 13 хит бүтээлээ багтаасны дотор “The Reflex” болон “A View to a Kill” (1985) зэрэг дуунууд чартыг тэргүүлж байв. Тус хамтлагийн 1982 оны “Rio” цомог Billboard 200 чартад 128 долоо хоногийн турш байршиж байсан юм. Түүнийг 2022 онд Rock & Roll Hall of Fame-д албан ёсоор залсан бөгөөд тэрээр өвчний улмаас уг ёслолд өөрийн биеэр оролцож чадаагүй билээ.