Ирландын таван хүний бүрэлдэхүүнтэй пост-панк Fontaines D.C. хамтлаг тав дахь бие даасан цомог болох Dopamine Chamber-аа сонсогчдод хүргэлээ. 2019 онд анхны "Dogrel" цомгоо гаргаж байсан тэд өнгөрсөн долоон жилийн хугацаанд рок урсгалыг шинэ түвшинд гаргаж чадсан юм.
Тус хамтлаг 2024 онд Грэммид нэр дэвшсэн "Romance" цомгоороо олон улсын анхаарлыг татсан бөгөөд уг бүтээл нь Billboard 200 жагсаалтын 97-д бичигдэж, Их Британид платинум гэрчилгээ авч байв. Шинэ цомгийн хувьд харанхуй, гунигтай өнгө аясыг илүү шингээсэн бөгөөд хамтлагийн гол дуучин Гриан Чаттен The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа цомог бүрт тэнцвэр шаардлагагүй гэж үзэж буйгаа онцолжээ.
Цомгийн өнгө аяст хамтлагийг эхнээс нь дэмжиж ирсэн менежер Тревор Дитцийн үхэл гүн нөлөөлсөн байна. Тэрээр Dopamine Chamber цомгийн ажил дууссаны дараа 6-р сард 47 насандаа таалал төгссөн аж. Цомгийн гол дуу болох "Marianne"-г Дитцийн амьд сэрүүндээ итгэл хүлээлгэж байсан сонголтод тулгуурлан сонгожээ.
Ирэх оны төлөвлөгөө
Хамтлагийн 10-р сарын 21-нд Лиссабоноос эхлэх Европын аялан тоглолтын тасалбар хэдхэн минутын дотор дууссан байна. Түүнчлэн Fontaines D.C. ирэх жил Их Британи даяар хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнд тоглох төлөвлөгөөтэй байгаа юм.
Мөн тэд эх орон Ирландадаа 80,000 хүний багтаамжтай Slane Castle-д тоглохоор төлөвлөж буй бөгөөд ингэснээр 2001 онд тоглосон U2-оос хойш тус талбайд тоглолтоо хийсэн Ирландын анхны уран бүтээлч болох төлөвтэй байна.