Хэви метал хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий төлөөлөгч болох Британийн Iron Maiden хамтлаг өөрсдийн уран бүтээлийн эрх болон нэр, дүр төрхөө ашиглах эрхийнхээ 50 хувийг Шведийн зугаа цэнгэлийн салбарын Pophouse Entertainment компанид худалдаж байгаагаа зарлалаа. 1975 онд Лондон хотноо Стив Харрисын үүсгэн байгуулсан энэхүү хамтлаг нь 100 сая гаруй цомог борлуулж, 17 студийн цомог гаргасан, Грэмми болон Брит зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн түүхтэй юм.
Хэлэлцээрийн санхүүгийн нөхцөлийг олон нийтэд дэлгээгүй бөгөөд уг гэрээг хамтлагийн менежер Энди Тейлортой хамтран жилийн турш боловсруулжээ. Pophouse компанийн гүйцэтгэх захирал Жессика Коравосын хэлснээр, тэд хамтлагтай 50-50 хувийн түншлэлийн харилцаа тогтоож, цаашид хамтлагийн ирээдүйн төлөвлөгөөг эрчимжүүлэхээр ажиллах юм. Тус компани нь өмнө нь ABBA, KISS, Сини Лаупер болон Тина Тернер нарын уран бүтээлийн эрхийг эзэмшдэг гэдгээрээ алдартай.
Энэхүү түншлэлийн хүрээнд Iron Maiden хамтлагийн алдарт сахиус болох Эддигийн дүр төрхийг ашиглан дижитал ертөнц бүтээх, шүтэн бишрэгчдэд зориулсан интерактив туршлагуудыг нэмэгдүүлэх, мөн хамтлагийн "Run For Your Lives" аялан тоглолтын тухай баримтат кино хийх зэрэг ажлууд төлөвлөгдөж байна. Хамтлагийн менежер Род Смудвуд энэхүү хамтын ажиллагаа нь хамтлагийн мөрөөдөл болон төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг олгоно гэдгийг онцолжээ.
Iron Maiden нь хагас зуун жилийн турш хэви метал урсгалын гол төлөөлөгч байсаар ирсэн бөгөөд тэдний 2021 онд гаргасан Senjutsu цомог Billboard 200 жагсаалтын 3-р байрт орсон нь хамтлагийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм. Түүнчлэн BMG компани нь хамтлагийн хэвлэн нийтлэгчийн хувиар үргэлжлүүлэн ажиллах болно.