Алдарт реппер Jay-Z-гийн голлон оролцох Super Bowl LXI-ийн завсарлагын шоу (Halftime Show) болон тэмцээнийг кино театрын аварга том дэлгэцээр шууд үзэх боломж бүрдлээ. Энэхүү түүхэн шийдвэрийг NFL, Disney болон ESPN хамтран зарласан байна.

Super Bowl-ийн түүхэнд анх удаа ESPN сувгаар дамжуулагдах энэхүү арга хэмжээ нь АНУ дахь болон сонгогдсон олон улсын IMAX театруудаар гарна. 2027 оны хоёрдугаар сарын 14-нд Лос-Анжелесийн SoFi цэнгэлдэх хүрээлэнд болох Super Bowl LXI-ийн тасалбар 1-р сард худалдаанд гарахаар төлөвлөгдөж буйг Variety мэдээллээ. Харин аль театруудад гарахыг ирэх долоо хоногуудад зарлах юм байна.

IMAX-аар гарах хөтөлбөр нь нийт дөрвөн цагийн турш үргэлжлэх бөгөөд үүнд тоглолт бүхэлдээ, Jay-Z-гийн завсарлагын үзүүлбэр болон тоглолтын өмнөх ба дараах нэвтрүүлэг багтах ажээ.

Jay-Z болон түүний Roc Nation агентлаг нь 2019 оноос хойш NFL-ийн амьд хөгжмийн үзвэрийн стратегичаар ажиллаж ирсэн. Түүнийг 2027 оны гол уран бүтээлчээр сонгосныг өнгөрсөн аравдугаар сарын 26-нд зарласан бөгөөд үүнтэй зэрэгцэн шүтэн бишрэгчдийн дунд түүнийг шинэ цомог гаргаж магадгүй гэсэн таамаг, цуу яриа тархаад байна. Jay-Z-гийн хамгийн сүүлийн бие даасан цомог болох 4:44 нь 2017 оны 6-р сард гарч байжээ.