Америкийн алдарт дуучин, дуу зохиогч Майли Сайрус хөгжимчин Макс Морандотой гэрлэж, хуримын ёслолоо хийсэн талаар түүний эцэг, кантри дуучин Билли Рэй Сайрус анх удаа олон нийтийн сүлжээнд нийтэллээ.
Билли Рэй Сайрус инстаграм хуудсандаа хуримын үеэрх зургуудыг хуваалцаж: “Миний бяцхан охин амьдралынхаа хайртай хүнтэй гэрлэлээ! Бүх гэр бүлээрээ нэг дор цуглаж, хайраар нэгдэх ямар үзэсгэлэнтэй байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Чинийхээ төлөө өдөр бүр бахархдаг. Би дэлхийн хамгийн бахархалтай аав байна!” хэмээн бичжээ. Тэрээр хүргэн Макс Морандод хандан: “Чамайг гэр бүлдээ тавтай морилно уу гэж хэлэхдээ маш их нэр төрийн хэрэг гэж бодож байна. Та хоёр тэнгэрээс заяасан хосууд” гэж нэмж дурдсан байна.
Ёслолын ажиллагаа Калифорни мужийн Палм-Спрингс дэх Frank Sinatra House-д усан сангийн дэргэд болсон бөгөөд Flaming Lips хамтлагийн Уэйн Койн ёслолыг хөтлөн явуулжээ. Өдгөө 34 нас хүрсэн Майли Сайрус өөрийн төрсөн өдрөөрөө ээж Тиш Сайрус-Пурселл түүнийг хөтлөн алхаж буй болон аавтайгаа бүжиглэж буй зургуудыг нийтэлсэн байна. Хуриманд Билли Рэй Сайрусын сүйт бүсгүй Элизабет Хёрли болон түүний хүү Дэмиан Хёрли нар мөн оролцжээ.
Эцэг охин хоёр уран бүтээлийн хувьд удаан хугацааны түүхтэй төдийгүй Майли Сайрус “Flowers”, “Wrecking Ball” зэрэг хит бүтээлүүдээрээ Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Тэд өмнө нь хэсэг хугацаанд таарамжгүй харилцаатай байсан ч өнгөрсөн жил Майли харилцаа нь эргэн хэвийн болсныг баталсан юм.
Майли Сайрусын нөхөр 28 настай Макс Морандо нь Лос-Анжелесын Liily хамтлагийн бөмбөрчин бөгөөд тэд 2021 оноос болзож, 2025 оны 12 дугаар сард сүй тавьж байжээ. Энэ нь Майли Сайрусын хоёр дахь гэрлэлт болж байна.