Электрон хөгжмийн ертөнцийн алдарт Sasha & Digweed хослолын 1996 оны «Northern Exposure» микс цомогтой холбоотой эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд тэдгээрээс нэгэн ховор зурагт хуудас онцгой өндөр үнэ хүрчээ.
Digweed-ийн хувийн архиваас дуудлага худалдаанд тавигдсан тус бүтээл нь тэдний 1994 оны анхны «Renaissance: The Mix Collection» цомгийг сурталчилсан зурагт хуудас бөгөөд 21,500 ам.долларын ялалтын саналаар эзэндээ очсон байна.
Digweed тус зурагт хуудас яагаад ийм өндөр үнэ хүрсэн талаар Billboard сэтгүүлд ярихдаа: «Эдгээр постеруудын ихэнх нь самбар эсвэл метроны буудалд наагддаг байсан тул хуулж авахад эвдрэлгүй үлдэх боломжгүй байсан. Би тухайн үед нэг хувийг нь хадгалаад мартчихсан байсан юм. Пянзны өрөөндөө (record room) “Northern Exposure” пянзыг хайж байхдаа дээд тавиур дээр энэ постер байгааг санасан. Энэ нь маш төгс хадгалагдсан, ийм сонгодог микс цомгийн цуглуулгын жинхэнэ ховор бүтээл байсан. Хомсдол ихтэй ертөнцөд энэ бол үнэхээр ховор эд. Жинхэнэ үнэнч шүтэн бишрэгч яагаад үүнийг авахыг хүссэнийг ойлгож байгаа ч ийм өндөр үнэ хүрсэнд үнэхээр гайхширсан» гэжээ.
Цахим дуудлага худалдааны Amplifyd платформ дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээ 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 21-ний хооронд үргэлжилсэн байна. Дуудлага худалдаанд уран бүтээлчдийн хувийн архиваас «Northern Exposure», «Northern Exposure 2», «Northern Exposure: Expeditions», «Communicate» цомгуудыг микс хийхэд ашиглаж байсан бодит пянзнууд болон төрөл бүрийн зурагт хуудас, танилцуулга зэрэг нийт 113 багц зүйл тавигдаж, бүгд зарагджээ.
Ингэснээр 21,500 ам.доллароор зарагдсан зурагт хуудас нь зөвхөн энэ удаагийн дуудлага худалдааны төдийгүй Amplifyd платформын түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн эд зүйл болсон байна. Түүнчлэн Sasha & Digweed хослол ирэх 12 дугаар сарын 5-нд Лондон хотын The Roundhouse-д, 2 дугаар сард EDC Mexico наадамд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.