"Old Town Road" дуугаараа дэлхийд танигдсан, Грэммийн шагналт реппер, дуучин Lil Nas X (жинхэнэ нэр нь Монтеро Хилл) ээж Тамика Хиллээ алдсандаа гашуудаж буйгаа хуваалцлаа. Тэрээр бямба гарагт (8-р сарын 29) өөрийн цахим хуудсандаа ээжийнхээ хуучны зургуудыг нийтлэн, эмгэнэл илэрхийлсэн байна.
Түүний ээжийн нас болон нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Lil Nas X өмнө нь 2020 онд өгсөн ярилцлагадаа ээжтэйгээ төвөгтэй харилцаатай байснаа дурдаж, түүнийг донтолттой тэмцэж байсныг ярьж байжээ. Тэр үедээ "Би ээжийнхээ тухай тэгтлээ яриад байдаггүй. Тэр маань донтолттой байсан болохоор бид тийм ч дотно биш. Түүнийг сайжруулах гэж оролдсон ч бүх зүйл бүтээгүй. Гэхдээ хайр байсаар л байгаа" хэмээн Variety-д хуваалцаж байв.
Энэхүү харамсалтай явдал тохиохоос өмнөхөн 27 настай уран бүтээлч амьдралынхаа 10,000 дахь өдрийг тэмдэглэж буйгаа хуваалцсан юм. Тэрээр саяхан хоёр туйлт эмгэг (bipolar disorder) оношлогдож, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахаар хэдэн сарын турш нөхөн сэргээх төвд (rehab) эмчилгээ хийлгэсэн тухайгаа 6-р сарын дундуур олон нийтэд зарласан билээ. Тэрээр одоо сэтгэл засалч болон сэтгэцийн эмчээс мэргэжлийн тусламж авч байгаагаа дурджээ.
Мөн тэрээр өмнө нь хуулийн асуудалд орооцолдож байсан бөгөөд 2025 оны 8-р сард Лос-Анжелесийн гудамжинд хувцасгүй явж байхдаа цагдаагийн ажилтнууд руу халдсан гэх үндэслэлээр дөрвөн ч хүнд гэмт хэрэгт буруутгагдсан юм. Variety-ийн мэдээлснээр тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээгээ үргэлжлүүлбэл уг хэргүүдийг хэрэгсэхгүй болгох нөхцөлтэй байгаа ажээ.