Алдарт Motown дуу бичлэгийн компанийн эхэн үеийн дуу зохиогч Жэйни Брэдфорд Хоббс урт хугацаанд өвчилсний улмаас Лос-Анжелес хотын эмнэлэгт 87 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл 8-р сарын 22-ны Бямба гарагт мэдээллээ.

Миссури мужийн Чарлестон хотод төрсөн тэрээр хожим Детройт руу нүүжээ. 1950-иад оны сүүлээр дуучин Жэки Уилсоноор дамжуулан Motown-ийг үүсгэн байгуулагч Берри Гордитой танилцаж, 1958 онд тус компанид хүлээн авагчаар ажилд орсон байна. Тэрээр компанийн олон ажилтны нэгэн адил бүтээлч үйл явцад гар бие оролцон ажиллаж эхэлжээ.

Жэйни Брэдфорд болон Берри Горди нар хамтран “Money (That’s What I Want)” дууг зохиосон бөгөөд энэхүү уран бүтээлийг 1959 онд Баррет Стронг дуулж бичүүлснээр эрт үеийн хит болсон юм. Хожим энэ дууг алдарт The Beatles хамтлаг коверлон дуулж, тэдний бас нэгэн хит болж байв. Мөн түүний хамтран бичсэн “Too Busy Thinking About My Baby” дууг анх The Temptations хамтлаг дуулсан бол дараа нь Марвин Гэйгийн дуулснаар хит болжээ. Түүнчлэн тэрээр Стиви Уандер, The Supremes, Martha & The Vandellas зэрэг уран бүтээлчдэд зориулан дуу зохиож байжээ.

Motown-ий үүсгэн байгуулагч Берри Горди мэдэгдэлдээ “Жэйни Motown үүсэхээс ч өмнө, бүр анхнаас нь надтай хамт байсан бөгөөд миний зүрх сэтгэл болон Motown-ий гэр бүлд үргэлж эрхэм байр суурь эзэлнэ. Тэрээр хэн ч Motown-ийг ямар амжилтад хүрэхийг мэдэхгүй байх үед мөрөөдөлд итгэж байсан эгэл бус баатруудын нэг байсан” хэмээн дурсжээ.

Брэдфорд Хоббс хожим Motown-ий хөгжмийн хэвлэлийн компани болох Jobete-д Зохиолчдын харилцаа хариуцсан тэргүүнээр ажилласан байна. Тэрээр Motown-оос явсныхаа дараа 30 орчим жилийн турш зохион байгуулагдсан “Heroes and Legends Awards” арга хэмжээг үүсгэн байгуулж, хөгжмийн алдартнуудыг алдаршуулан, тэтгэлэг олгох үйлсийг хийж байв.