1980-аад оны сүүл болон 1990-ээд оны эхэн үед альтернатив рок хөгжмийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, MTV сувгийн "120 Minutes" нэвтрүүлгийн хөтлөгч Дэйв Кендалл 68 насандаа таалал төгсжээ.

Энэхүү харамсалтай мэдээг түүний хамтран зүтгэгч, MTV-ийн өөр нэгэн алдартай хөтлөгч Мэтт Пинфилд өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарласан байна. Пинфилд түүнийг дурсахдаа: "Дэйв бол жинхэнэ итгэгчдийн нэг байсан. Альтернатив хөгжим үндсэн урсгалд орохоос ч өмнө тэрээр долоо хоног бүр үзэгчдэд тухайн үеийг тодорхойлсон хамтлагуудыг танилцуулдаг байв. Тэр зүгээр нэг нэвтрүүлэг хөтлөөгүй, харин сонсогдох ёстой хөгжимд орон зайг нь гаргаж өгсөн юм" хэмээн онцолжээ.

Дэйв Кендалл карьераа сэтгүүлч, редактороор эхлүүлж, Британи болон Америкийн "Melody Maker", "Spin" зэрэг хэвлэлүүдэд тойм бичдэг байв. Хожим Англиас Нью-Йорк руу нүүж, MTV сувагт ажиллахдаа "120 Minutes" нэвтрүүлгийг үүсгэн байгуулснаар долоон жилийн турш зохиолч, продюсер, хөтлөгчөөр ажилласан юм. Тэрээр 1988-1991 оны хооронд тус нэвтрүүлгийг хөтлөхдөө олон алдартай хамтлагуудыг олонд таниулсны дотор 1991 оны 9-р сард Nirvana хамтлагийн "Smells Like Teen Spirit" дууны клипийг анх үзэгчдийн хүртээл болгож байжээ.

MTV-д ажилласныхаа дараа тэрээр "Music Scoupe" ярилцлагын нэвтрүүлэг, "Woodstock '94" арга хэмжээг хөтлөх зэргээр медиа салбарт идэвхтэй ажиллаж байв. Мөн тэрээр радиогийн салбарт олон жил ажиллаж, цахим хөгжмийн чиглэлээр CD гаргаж, сүүлийн жилүүдэд Тайландын Бангкок хотод суурьшин, "Destination Thailand" аялалын нэвтрүүлгийг хөтөлж, "Bangkok Post" сонинд нийтлэл бичдэг байжээ. Одоогоор талийгаачийн нас барсан шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна.