Америкийн Флорида муж улсын Тампа хотоос гаралтай, 26 настай дуучин, дуу зохиогч Дестин Конрад сонгодог R&B урсгалыг алтернатив жазз, регги зэрэг бусад төрөлтэй хослуулан өвөрмөц хэв маягаар уран бүтээлээ туурвиж байна. Тэрбээр “Би ямар нэгэн төрөлд баригддаггүй, хил хязгааргүй. Гэхдээ миний хийж буй бүх зүйл үргэлж алтернатив өнгө аястай байх болно” хэмээн өөрийн уран бүтээлийн онцлогийг тодорхойлжээ.

Конрад 2021 оны “Colorway” бүтээлээс эхлэн нийт дөрвөн EP цомог (богино хэмжээний цомог) гаргасныхаа дараа 2025 оны дөрөвдүгээр сард өөрийн анхны бүрэн хэмжээний “Love on Digital” цомгоо цацсан юм. Энэхүү цомог нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Billboard-ийн 2025 оны шилдэг R&B цомгийн жагсаалтыг тэргүүлснээс гадна түүнд Грэммийн шагналын “Шилдэг прогрессив R&B цомог” төрөлд анхны номинацыг нь авчирсан байна.

Үүний дараа тэрбээр ердөө дөрвөн сарын зайтай буюу өнгөрсөн наймдугаар сард алтернатив жазз чиглэлийн “wHIMSY” нэртэй дараагийн цомгоо гаргасан юм. Энэ бүтээл нь Billboard-ийн Contemporary Jazz Albums жагсаалтын гуравдугаар байрт бичигдсэнээр тус сэтгүүлийн цомгийн чартад анх удаагаа бичигджээ.

Тэрбээр өмнө нь дуучин Кейланигийн цомгууд дээр дуу зохиогчоор хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд шинэ бүтээлүүддээ Террас Мартин, Жэймс Фонтлерой, Кион Харролд нартай хамтарсан байна. Мөн BET Awards-ийн үеэр поп од Жанет Жексонтой уулзаж, түүнээс дэмжлэг авч байжээ.