Олон улсын банкны томоохон групп болох Standard Chartered нь Ripple компанийн гаргасан RLUSD стэйблкоиныг хадгалах үйлчилгээг эхлүүлснээ зарлалаа. Энэхүү үйлчилгээг Дубайн санхүүгийн үйлчилгээний газрын (DFSA) зохицуулалттай, Дубайн олон улсын санхүүгийн төв дэх салбараараа дамжуулан хүргэж буй бөгөөд шаардлага хангасан институционал харилцагчид XRP Ledger (XRPL) дээр гаргасан RLUSD-ийг тус банканд хадгалуулах боломжтой болжээ.

Энэхүү алхам нь Standard Chartered, Ripple болон арилжааны LMAX группын хамтарсан өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг юм. Уг төлөвлөгөөний дагуу институционал хөрөнгө оруулагчид стэйблкоиноо Standard Chartered банканд хадгалуулсан хэвээр арилжааны барьцаа хөрөнгө болгон ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Санал болгож буй загвараар банк нь харилцагчийн RLUSD-ийн үнэлгээг LMAX платформтой холбож тусгах бөгөөд ингэснээр хэрэглэгчид токеноо бирж рүү шууд шилжүүлэхгүйгээр арилжаа хийх нөхцөл бүрдэж болзошгүй юм. Энэ нь хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрсдэл болон эсрэг талын эрсдэлийг бууруулах магадлалтай аж.

RLUSD-ийн хурдацтай өсөлт

RLUSD нь зах зээлийн үнэлгээний цэвэр өсөлтөөрөө хамгийн хурдацтай тэлж буй стэйблкоинуудын нэг болоод байна. RWA Foundation-ийн мэдээллээр Ripple гуравдугаар улиралд стэйблкоины зах зээлийн үнэлгээгээ 90 хоногийн дотор 765.3 сая ам.доллароор нэмэгдүүлж, Circle-ийн USDC (915 сая ам.доллар)-ийн дараа хоёрдугаарт бичигджээ. Харин DeFiLlama-ийн мэдээллээр RLUSD-ийн нийт нийлүүлэлт 2.4 тэрбум ам.долларт хүрснээс 1.14 тэрбум нь XRPL, 1.3 тэрбум орчим нь Ethereum сүлжээнд байна.

Standard Chartered-ийн Үнэт цаасны үйлчилгээний дижитал хөрөнгө хариуцсан захирал Вакар Чаудригийн тэмдэглэснээр, институционал хөрөнгө оруулагчид эрсдэлийн удирдлага болон хөрөнгийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр дижитал хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэж байгаа аж.

Гэсэн хэдий ч тус банк одоогоор өөрийн кастоди буюу хадгалалтад байгаа RLUSD-ийн хэмжээ болон хамрагдсан харилцагчдын талаар мэдээлэл өгөөгүй байна. Мөн уг стэйблкоиныг арилжааны барьцаа болгон ашиглах интеграц хэзээ бүрэн хэрэгжиж эхлэхийг талууд хараахан зарлаагүй байна.