Амстердамын хөрөнгийн биржид бүртгэлтэй SWI групп хиймэл оюуны дэд бүтцээ тэлэх зорилгоор институциональ хөрөнгө оруулагчдаас 800 сая евро татан төвлөрүүлснээ 10 дугаар сарын 12-нд зарлалаа. Энэхүү санхүүжилтийн үр дүнд тус группийн зах зээлийн үнэлгээ 6.1 тэрбум еврод хүрсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас хойш босгосон нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нь 1 тэрбум еврог давжээ.
Босгосон хөрөнгийг Европ болон АНУ даяар дата төв байгуулах, эрчим хүчний дэд бүтэц болон тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. SWI групп өөрийн дижитал дэд бүтцийн багцаа хиймэл оюун ухаан (AI) болон өндөр хүчин чадалтай тооцоолол руу чиглүүлэн өөрчлөхөөр ажиллаж байна.
FTX-ийн хуучин хөрөнгө оруулалт шинэ төлөвлөгөөний суурь болно
Энэхүү өргөжүүлэлтэд биткойн олборлолтын Genesis Digital Assets (GDA) компани багтаж байгаа юм. Тус компани нь дампуурсан крипто бирж FTX-ийн хамаарал бүхий Alameda Research-ийн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг байсан бөгөөд SWI групп энэ оны наймдугаар сард хувьцаа худалдан авах замаар 70 гаруй хувийг нь өөрийн хяналтад авсан билээ. Тус компани олборлогчийг SWI Digital гэж өөрчлөн нэрлэж, АНУ дахь эрчим хүчний сүлжээнд холбогдсон дэд бүтцийг нь хиймэл оюун болон өндөр хүчин чадалтай тооцооллын суурь болгон ашиглахаар төлөвлөж байна.
SWI-ийн гүйцэтгэх захирал Макс-Эрве Жорж шинэ санхүүжилт нь тооцооллын өсөн нэмэгдэж буй эрэлтийг ханган өргөжихөд тусална гэдгийг онцоллоо. Мөн тус групп зөвхөн дата төв эзэмшихээс гадна байгууллага, хөгжүүлэгчдэд зориулсан хиймэл оюуны үүлэн платформоо хөгжүүлэхээр төлөвлөж буй аж.
Биткойн олборлогчид хиймэл оюун руу анхаарлаа хандуулж байна
CoinShares-ийн хоёрдугаар улирлын тайланд дурдсанаар, хиймэл оюуны тооцооллын дэд бүтэц нь нэг мегаватт тутамд жилд ойролцоогоор 1.5 сая ам.долларын ашиг олох боломжтой бол биткойн олборлолтоос 500,000 ам.доллар олох тооцоо гарчээ. Энэхүү гурав дахин их ашигтай байх төсөөлөл нь дата төв, цахилгааны хүчин чадалтай компаниудыг хиймэл оюуны дэд бүтэц рүү чиглэхэд түлхэц болж байна.