Орчин үеийн R&B урсгалын томоохон төлөөлөгч, Грэммийн шагналт дуучин SZA хиймэл оюун ухаан (AI) хөгжмийн салбарт нэвтэрч буй байдалд хүчтэй дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр өөрийн бүтээлүүдийг нь зохиогчийн эрхгүйгээр хиймэл оюун ухааны загваруудыг сургахад ашиглаж байгааг олж мэдсэнийхээ дараа сошиал хуудсаараа дамжуулан уур бухимдлаа илэрхийлсэн байна.
SZA-гийн хэлснээр түүний 200 гаруй дууг AI-ийн сургалтын өгөгдөл болгон ашигласан нь тогтоогджээ. Тэрээр энэ талаар "Хэрэв та хөгжимчин хүн байж ийм дорой зүйлийг дэмждэг бол та үнэхээр зэвүүцмээр хүн" хэмээн хатуухан мэдэгдсэн байна. SZA нь "SOS" цомгоороо дэлхийн хөгжмийн ертөнцөд өндрөөр үнэлэгдсэн уран бүтээлч бөгөөд түүний хувьд уран бүтээлчийн оюуны өмч, өвөрмөц хэв маягийг хиймэл оюун ухаанаар дуурайлган хийх нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа юм.
Сүүлийн үед хөгжмийн салбарт AI технологийг ашиглан алдартай дуучдын хоолойг дуурайлган дуу бүтээх, тэдний бүтээлч арга барилыг хуулбарлах явдал ихсэж байгаа нь уран бүтээлчдийн дургүйцлийг хүргэж байна. Энэ нь зөвхөн SZA-гийн асуудал биш бөгөөд дэлхийн олон алдартай дуучид уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах, AI-ийн хөгжлийг зохицуулахыг уриалсаар байгаа билээ.
Хэдийгээр технологийн дэвшил хурдацтай байгаа ч уран бүтээлчид өөрсдийн хөдөлмөр, авьяас чадвараа хиймэл оюун ухаанд "хулгайлуулах"-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой байна. SZA-гийн энэхүү байр суурь нь хөгжмийн салбарын ирээдүйд хиймэл оюун ухааныг хэрхэн зохицуулах талаарх маргааныг улам бүр хурцатгаж байна.