АНУ-ын шилдэг цомгуудыг эрэмбэлдэг Billboard 200 жагсаалтын шилдэг арав болон шилдэг таван байранд The Beatles, реппер Drake болон дуучин Тейлор Свифт нар анх удаа нэгэн зэрэг багтсан түүхэн үйл явдал тохиолоо. Энэхүү гурван уран бүтээлч нь уг чартыг хамгийн олон удаа тэргүүлсэн амжилтыг эзэмшдэг бөгөөд The Beatles хамтлаг 19 цомгоороо тэргүүлж буй бол Drake болон Свифт нар тус бүр 15 цомгоор тэнцэж байна.

Сүүлийн үеийн Billboard 200 жагсаалтад Тейлор Свифтийн *The Life of a Showgirl* цомог 14 дэх долоо хоногтоо тэргүүн байраа хадгалжээ. Харин Drake-ийн дөрвөн нэмэлт дуутайгаар дахин гарсан *HABIBTI* цомог 116-р байраас огцом өсөж 2-р байрт бичигдсэн байна. Мөн анх 1966 онд гарч байсан The Beatles хамтлагийн *Rubber Soul* цомог делюкс хувилбараар дахин цацагдсаны дараа 4-р байрт эргэн орж иржээ.

Өмнө нь Drake, Свифт хоёр 2009-2026 оны хооронд шилдэг аравт олон удаа зэрэг багтаж байсан түүхтэй. Харин The Beatles болон Drake өмнө нь шилдэг 10-т зургаан удаа (хамгийн сүүлд 2021 оны 10-р сарын 30-нд), The Beatles болон Свифт нар хоёр удаа (хамгийн сүүлд 2022 оны 11-р сарын 12-нд) зэрэг бичигдэж байсан ч энэ гурав хамтдаа шилдэг аравт нэгэн зэрэг багтсан тохиолдол анхных нь болж байна.

Billboard 200 жагсаалтыг 1956 оны 3-р сараас хойш долоо хоног бүр Luminate-ийн тооцоолсон цомгийн борлуулалт, дууны худалдан авалт болон стриминг үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг билээ.