АНУ-ын Баруун эргийн алдарт реппер The Game бие даасан 11 дэх цомог болох The Documentary III бүтээлээ сонсогчдод хүргэлээ. Гэвч уг цомог цацагдсаны дараа түүнийг нэг хотын (Комптон) реппер Кендрик Ламар луу чиглэсэн дайралт, үг хаясан мөрүүд (дисс) багтаасан гэж шүтэн бишрэгчид нь үзэж эхэлжээ. Мөн уг цомгийн нэг дуунд Дрейк (Drake) хамтарсан нь энэхүү хардлагыг улам лавшруулсан байна.
Инстаграм дахь @obzervetv хуудсанд @tyleravilez гэх хэрэглэгчийн бичлэг тавигдсан бөгөөд тэрээр The Game-ийг шүүмжилсэн байна. Тэрээр хоёулаа нэг хотоос гаралтай тул нэгдэн нягтрах ёстой, мөн The Game өөрийн карьерын энэ үед залуу үедээ боломж олгож, тусалдаг "ахмад" үеийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ. Харин The Game тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт бичихдээ энэ дуунд хэнийг ч дисс хийгээгүй хэмээн хариулж, уг яриаг үгүйсгэсэн байна.
Шинэ цомгийн зарим дуунд 2024 онд болсон Дрейк болон Кендрик Ламар нарын маргаантай холбоотой сэдвийг хөндсөн мөрүүд оржээ. Тухайлбал, "Geezus" дуун дээрээ тэрээр тал сонгох тухай болон GNX машины тухай дурдсан бол, Дрейктэй хамтарсан "No Brakes" дуунд тал сонгох сэдвийг дахин хөндсөн байна. Түүнчлэн "LA Monster" дуунд Кендрик Ламарын "Boogeyman" хоч болон түүний 2024 онд Грэммийн шилдэг реп цомог хүртсэн "GNX" цомгийн нэрийг дурдаж үглэжээ. Харин "The Pen" дуундаа өөрийг нь бусад руу үг хаяж, дайрч байна гэсэн таамгийг хүлээн зөвшөөрч, тийм зүйл хийгээгүй гэдгээ дурдсан байна.