АНУ-ын The New York Times сонины хамгийн сүүлд гаргасан өдөр тутмын үгийн тоглоом болох Connections нь сошиал медиад хүчтэй тархаж, хүмүүсийн сонирхлыг татаж байна. Уг тоглоомыг бүтээх болон тус сонины Тоглоомын хэсэгт нэвтрүүлэхэд туслах тааврын редактор Уйна Лью (Wyna Liu) гол үүрэг гүйцэтгэснийг The Times тэмдэглэжээ.

Connections нь веб хөтөч болон гар утсан дээр тоглоход зориулагдсан бөгөөд нийт 16 үгийг дөрөв дөрвөөр нь утгын уялдаа холбоогоор нь ангилах зарчмаар ажилладаг. Ангиллын сэдэвт номын нэр, программ хангамж, улс орны нэрс зэрэг ямар ч сэдэв багтаж болдог байна.

Хэдийгээр олон үг хоорондоо холбоотой мэт харагдаж болох ч таавар бүр зөвхөн нэг зөв хувилбартай байдаг. Тоглогч дөрвөн үгийг зөв тааж бүлэглэвэл тухайн үгс самбараас хасагдах бөгөөд тоглоом дуусахаас өмнө нийт дөрвөн удаа алдах эрх олгогддог аж. Үгийн дарааллыг хольж, шинээр байрлуулах боломжтой ба ангиллууд нь шар (хамгийн хялбар), ногоон, цэнхэр, ягаан гэсэн өнгөөр ялгагддаг.

Wordle тоглоомтой адил Connections нь өдөр бүр шөнө дундын дараа шинэчлэгддэг бөгөөд өөрийн үр дүнгээ найзуудтайгаа сошиал сүлжээнд хуваалцах боломжтой юм.