Ирландын алдарт рок хамтлаг U2 Талархлын баярын өмнөх үдэш болсон NFL-ийн түүхэн тоглолтын завсарлагааны шоуг тэргүүлэн үзүүлбэрээ толилууллаа. SoFi цэнгэлдэх хүрээлэнд Лос-Анжелес Рамс болон Грин Бэй Пэкерс багуудын хооронд болсон уг тоглолтын завсарлагааны үзүүлбэрийг Netflix платформ 11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагийн орой шууд дамжуулсан юм.
Үзүүлбэрийн эхэнд хамтлагийн дөрвөн гишүүн тайзны төв рүү алхах зуур найрал дуучид “I Still Haven’t Found What I’m Looking For” дууны үгийг дуулж угтжээ. Үүний дараа бөмбөрчин Ларри Маллений цэрэг маягийн бөмбөрийн хэмнэл дор дуучин Боно “Биднийг урьсанд баярлалаа” хэмээн мэндчилж, хамтлагийн улс төрийн сэдэвт эртний дуу болох “Sunday Bloody Sunday”-г тоглосон байна. Мөн үлээвэр найрал хөгжим нэгдэж, уг бүтээлийг The Supremes хамтлагийн “Stop! In The Name of Love” дуутай хослуулан хүргэжээ.
Үзүүлбэрийн онцлох нэгэн агшин нь каунтри хөгжмийн хатан хаан агсан Долли Партонд хүндэтгэл үзүүлсэн явдал байв. Тайзан дээр Долли Партоны инээмсэглэсэн хөргийг байрлуулж, түүний хамгийн сүүлд бичүүлсэн “Torn” дууг Боно түүний хоолойтой хоршин дуулжээ. Уг дуу нь U2 хамтлагийн 16 дахь бие даасан студийн цомог болох Carnaval de Luz-д багтсан бүтээл юм.
Үүний дараа тэд үзэгчдийг догдлуулсан “Where The Streets Have No Name” болон хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингт зориулсан 1984 оны бүтээл болох “Pride (In The Name of Love)” дуунуудаа толилуулж тоглолтоо өндөрлөв.
Энэ сард нээлтээ хийсэн тэдний Carnaval de Luz цомог Billboard-ийн гурван ч чартыг тэргүүлсэн бөгөөд Billboard 200 чартын 4 дүгээр байрт бичигдсэнээр тус хамтлагийн хувьд шилдэг 10-т багтсан 14 дэх цомог болсон юм. Энэ жил уран бүтээлийн 50 жилийн ойгоо угтаж буй U2 хамтлаг ирэх онд дэлхий даяар цэнгэлдэх хүрээлэнгийн аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.