Хөгжим дамжуулах үйлчилгээний томоохон төлөөлөгч YouTube Music хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн дуунуудад тусгай шошго байршуулж эхэлснээ лхагва гарагт зарлалаа. Энэхүү шинэ тэмдэглэгээг ая зохиомж болон хоолой зэргийг үүсгэгч хиймэл оюуны тусламжтай голчлон бүтээсэн уран бүтээлүүдэд наах бөгөөд уг зохицуулалт үндсэн YouTube апп дээрх хөгжмийн контентод ч мөн адил үйлчлэх аж.

YouTube Music-ийн блог нийтлэлд дурдсанаар, хиймэл оюун ухаан голлох үүрэг гүйцэтгэсэн дууг сонсох үед тоглуулагчийн нүүрэн хэсэгт AI шошго шууд харагдана. Хэрэглэгч уг шошго дээр дарахад тухайн дууны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цэс гарч ирэх юм. Платформын зүгээс хөгжмийн салбарын хамтрагчидтайгаа хамтран ажиллаж, өөрсдийн илрүүлэгч хэрэгслүүдийг ашиглан ийм бүтээлүүдийг тодорхойлохоор ажиллаж байна.

Платформууд хиймэл оюуны контентыг ил тод болгож байна

YouTube 2024 онд бодит мэт контентыг хиймэл оюун ухаан эсвэл синтетик хэрэгслээр өөрчилсөн тохиолдолд бүтээгчдээс түүнийгээ заавал мэдээлэхийг шаарддаг журмыг танилцуулж байсан юм. Хэрэв контент бүтээгч энэ тухайгаа өөрөө мэдүүлээгүй ч YouTube өөрийн технологиор илрүүлж "Made with AI" шошгыг автоматаар байршуулах боломжтой байдаг.

Хөгжмийн салбарт хиймэл оюуны тэмдэглэгээ нэвтрүүлэх хандлага сүүлийн саруудад эрчимжиж байна. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Spotify компани AI уран бүтээлчдэд зориулсан шошго гаргаж, тэдний бүтээлийг хэрэглэгчийн тусгай санал болгох жагсаалтад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн Apple Music платформ AI-аар үүсгэсэн дуунуудад шошго нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа зарласан бөгөөд дотооддоо тусгай илрүүлэгч ашиглан хянаж байгаагаа мэдээлсэн юм. Түүнчлэн долдугаар сард IFPI, RIAA, A2IM зэрэг дуу бичлэгийн салбарын нэгдлүүд стриминг платформуудад AI бүтээлийн шошгыг өргөн хүрээнд нэвтрүүлэх саналыг дэвшүүлээд байжээ.