Австралийн Gumbaynggirr болон Bundjalung гаралтай дуучин, дуу зохиогч Жем Кассар-Дейли (Jem Cassar-Daley) өөрийн анхны бүрэн хэмжээний "tattoos used to come off in the pool" нэртэй цомгоо Sony Music Australia-гаар дамжуулан 8-р сарын 28-нд худалдаанд гаргалаа.

Түүнийг шинэ уран бүтээлч гэж харах нь бий ч тэрбээр аль хэдийн олон тооны нэр хүндтэй шагналуудыг хүртсэн туршлагатай нэгэн юм. Тухайлбал, 2024 онд "King of Disappointment" дуугаараа, мөн 2026 оны Queensland Music Awards-аас "Kiss Me Like You’re Leaving" дуугаараа оны шилдэг дууны шагналыг тус тус хүртэж байжээ. Үүнээс гадна AIR болон National Indigenous Music Awards-ын эзэн болж байсан амжилттай.

Түүний шинэ цомог нь нийт есөн дуунаас бүрдэж байгаа бөгөөд ихэнх нь анхны демо хувилбараасаа шууд цомогт оржээ. Түүнчлэн өмнө нь олны хүртээл болсон "Clichés", "Speak Now", "Cool Girl" болон сүүлийн үеийн сингл болох "All I’m Thinking About" зэрэг дуунууд багтсан байна. Энэхүү бүтээлүүд нь инди-поп болон кантри урсгалын өнгө аясыг өөртөө шингээсэн, хувь хүний өсөлт хөгжил, насанд хүрэх үеийн замнал, харилцааны тухай өгүүлдэг аж.

Жем Billboard-д өгсөн ярилцлагадаа хэдэн жилийн өмнө продюсертоо юу хүсэж байгаагаа хэлэх итгэлгүй байсан бол энэ удаад дуу, шийдвэр бүртээ өөрийн дуу хоолойгоо бүрэн шингээж, хяналт тавьж чадсанаа онцолжээ.

Алдарт дуучин Трой Кассар-Дейлигийн охин тэрбээр ирэх сард Перт, Аделаида, Мельбурн, Сидней, Брисбен хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.