Fast Company сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, ажлын байран дахь ээжүүдийн талаарх тогтсон ойлголт бодит байдлаас зөрсөн байж болзошгүйг онцолжээ. Байгууллагууд ихэвчлэн ээж болохыг "ээжүүдийн торгууль" буюу ажлын бүтээмж, хариуцлагыг бууруулдаг хүчин зүйл гэж хардаг байна. Гэвч үүний цаана эх хүн байх нь ажил мэргэжилд ч эергээр нөлөөлөх "ээжүүдийн давуу тал" гэх ойлголт байдаг аж.
"Ээжүүдийн торгууль" гэж юу вэ?
Судалгаанаас харахад, ээжүүд ажилдаа урьдын адил чин сэтгэлээсээ ханддаг ч, ажлын байран дахь хиймэл яаруу байдал, үр дүнгүй урт хурал, эсвэл бүх зүйлд "тийм" гэж хэлэх ёстой гэсэн уламжлалт хандлагад тэвчээр багатай болдог байна. Энэ нь гаднаасаа ажлын хариуцлага буурсан мэт сэтгэгдэл төрүүлж, улмаар цалингийн түвшин болон ажлын үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг. Нэгэн туршилтаар, ижил ур чадвартай хүмүүсээс ээжүүдийг илүү чадваргүй, хариуцлага багатай гэж үнэлж, тэдэнд бага цалин санал болгох хандлага ажиглагджээ. Henrik Kleven болон түүний багийн судалгаагаар АНУ-д эхний хүүхдээ төрснөөс хойш 5-10 жилийн дотор ээжүүдийн орлого 31 орчим хувиар буурдаг болохыг тогтоосон байна.
Давуу талыг олж харах нь
Ажлын байрны уламжлалт загвар нь уян хатан бус, урт цагаар ажиллахыг шаарддаг нь ээжүүдэд хүндрэлтэй байдаг. Гэвч эрдэмтдийн судалснаар, гэр бүлийн үүрэг хариуцлага болон ажил мэргэжил нь бие биеэ үгүйсгэх бус, харин ч эсрэгээрээ баяжуулах боломжтой юм. Ээжүүд гэр бүлээсээ олж авсан ур чадвар, эерэг хандлага, шийдвэр гаргах чадвараа ажилдаа ашиглах боломжтой байдаг. Менежерүүдийн дунд явуулсан судалгаагаар, гэр бүлийн үүрэгтээ чин сэтгэлээсээ хандах нь ажлын бүтээмжид саад болох бус, харин ч эерэг нөлөө үзүүлдэг болохыг 346 менежерийн оролцсон судалгаа харуулжээ. Энэ нь ээжүүдийн ажлын байран дахь манлайллыг үнэлэх шинэ өнцөг хэрэгтэй байгааг илтгэж байна.