Америкийн Нэгдсэн Улс улс тусгаар тогтнолоо зарлаж, туурга тусгаар улс болсны 250 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр болжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Филадельфи хотноо “One Philly: Unity Concert for America” нэртэй тоглолт зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтод Холливудын нэрт жүжигчин, реппер Уилл Смит (Will Smith), поп дива Кристина Агилера (Christina Aguilera), The Roots хамтлаг зэрэг олон алдартай уран бүтээлчид оролцоно.
Уг тоглолт долдугаар сарын 4-нд болох бөгөөд бүх нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх юм. Филадельфи хот нь Америкийн тусгаар тогтнолын тунхаглал анх батлагдсан түүхэн газар гэдгээрээ онцлогтой. Иймээс ч энэхүү чухал арга хэмжээг тус хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Кристина Агилера нь Америкийн поп дуучин бөгөөд дэлхий дахинд олон сая цомог борлуулж, Грэммийн шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч юм. Харин Уилл Смит бол Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд “Men in Black”, “Independence Day” зэрэг кинонуудаараа монголчуудад сайн танигдсан. The Roots хамтлагийн хувьд хип хоп хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхтэй, олон шагнал хүртсэн хамтлаг билээ.
Энэхүү тоглолт нь Америкийн түүхэн ойн баярыг тэмдэглэхээс гадна үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын олон янз байдлыг дэмжих зорилготой юм. Тоглолтод оролцох уран бүтээлчдийн бүрэн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг цаашид зарлах болно.