АНУ-д Төв банкны дижитал валют (CBDC) гаргах асуудал маргаан дагуулсаар байна. Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид CBDC-ийг бүрмөсөн хориглох тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэдний үзэж байгаагаар, CBDC нь засгийн газар иргэдийн санхүүгийн үйл ажиллагааг хянах боломжийг олгож, хувийн нууцыг зөрчих аюултай юм байна.
Тодруулбал, Конгрессын гишүүн Том Эммер “Төв банкны дижитал валютын тандалтын төрийн тухай хууль”-ийг санаачилсан бөгөөд уг хууль нь CBDC-ийг хөгжүүлэх, ашиглахыг хориглох зорилготой юм. Эммер уг хуулийн төслийг дэмжигчдийн тоо нэмэгдэж байгааг онцолж, энэ нь CBDC-ийн эсрэг чиглэсэн хүчтэй хөдөлгөөн өрнөж байгаагийн илрэл гэж үзэж байна.
CBDC гэдэг нь тухайн улсын төв банкнаас гаргаж буй дижитал хэлбэрийн мөнгө юм. Биткойн зэрэг криптовалютаас ялгаатай нь CBDC-ийг төв банк хянадаг бөгөөд улсын мөнгөний бодлогын нэг хэсэг болдог. Зарим улс орнууд CBDC-ийг санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбаршуулах хэрэгсэл гэж үзэж байгаа бол АНУ-ын хууль тогтоогчид хувийн нууцыг зөрчих, засгийн газрын хяналтыг хэтрүүлэх эрсдэлтэй гэж болгоомжилж байна.
Энэ асуудал АНУ-ын Конгресст хэлэлцэгдэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал АНУ-д CBDC гаргах боломж бүрмөсөн хаагдах юм.