АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг банкны системийн стресс тестийн дүнг зургаадугаар сарын 24-нд танилцууллаа. Энэхүү шалгалтад тус улсын 32 томоохон банк хамрагдсан байна.

Энэ жилийн стресс тестийн хувьд урьд өмнөхөөс илүү хатуу, сорилт ихтэй нөхцөл байдлыг төсөөлөн боловсруулжээ. Тодруулбал, Холбооны нөөцийн сангаас банкуудыг дараах эдийн засгийн эрсдэлтэй хувилбаруудыг тооцож үзэхийг шаардсан байна:

- Ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрэх;
- Арилжааны үл хөдлөх хөрөнгийн үнэ 39 хувиар буурах;
- Орон сууцны үнэ 30 хувиар унах.

Эдгээр хүнд нөхцөл байдал үүсэх тохиолдолд нийт банкуудад 708 тэрбум ам.долларын алдагдал учирна гэж тооцоолжээ. Ийнхүү эдийн засгийн хүнд нөхцөлд банкуудын санхүүгийн чадавх болон эрсдэл даах чадвар хэрхэн өөрчлөгдөхийг энэхүү шалгалтаар нарийвчлан судалсан байна.