АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн нэг жилийн хугацаанд тогтворгүй байдлыг харуулж байна. “ResiClub”-ийн шинжээч Лэнс Ламбертын “Zillow Home Value Index”-д суурилан хийсэн шинэхэн судалгаагаар 2025 оны 5-р сараас 2026 оны 5-р сар хүртэлх хугацаанд орон сууцны үнэ ердөө 0.8 хувиар өссөн нь тогтоогджээ. Энэ нь жилийн өмнөх 0.4 хувийн өсөлттэй харьцуулахад бараг өөрчлөлтгүй үзүүлэлт юм.

Хэдийгээр улсын хэмжээнд үнийн өсөлт ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 77 томоохон хотод орон сууцны үнэ буурах хандлагатай байна. 2025 оны 8-р сард үнийн өсөлт -0.01 хувь буюу түүхэн доод түвшинд хүрсэн бол түүнээс хойш бага зэргийн сэргэлт ажиглагдсан ч зах зээлийн идэвхжил сул хэвээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, зээлийн хүү болон эдийн засгийн нөхцөл байдал нь худалдан авагчдыг болгоомжлоход хүргэж байгаа аж.

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарыг ажиглагч “ResiClub” нь тус улсын зах зээлийн чиг хандлага, орон сууцны үнийн өөрчлөлтийг нарийвчлан судалдаг нэр хүндтэй мэдээллийн эх сурвалж юм. Тэдний гаргасан энэхүү жагсаалт нь зөвхөн орон сууц төдийгүй хаус, кондоминиум зэрэг бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийг багтаасан байна. Энэ нь тус улсад үл хөдлөх хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хүмүүст чухал дохио болж байна.

Зах зээлийн энэхүү сулрал нь зөвхөн нэг бүс нутгаар хязгаарлагдахгүй, улс даяар тархсан байгаа нь анхаарал татаж байна. Хэдийгээр үнэ буурч байгаа ч ипотекийн зээлийн хүү өндөр хэвээр байгаа нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд саад болж байна. Ирэх саруудад эдийн засгийн бодлого болон инфляцийн түвшин хэрхэн өөрчлөгдөхөөс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цаашдын төлөв хамаарах болно.