Сүүлийн арван жилийн турш криптовалютын салбарыг хатуу ширүүн зохицуулалт, шүүхийн заргаар “дарамталж” ирсэн АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) гэнэтийн эргэлт хийлээ. Тус байгууллагаас 2026-2030 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөний төслийг танилцуулсан бөгөөд үүнд блокчэйн технологийг Америкийн санхүүгийн дэд бүтцийг бүрэн шинэчлэх хүчин чадалтай технологи хэмээн үнэлсэн байна.
Өмнө нь SEC-ийн зүгээс крипто компаниудыг шүүхэд өгөх, үйл ажиллагааг нь хязгаарлах замаар бодлогоо тодорхойлж ирсэн бол шинэ төлөвлөгөөнд дижитал хөрөнгө болон блокчэйнд зориулсан тусгай зорилтыг тусгажээ. Энэ нь тус байгууллага ирэх таван жилд блокчэйнийг үл тоомсорлох биш, харин түүнийг санхүүгийн зах зээлд хэрхэн нэвтрүүлэх, хөрөнгийг токенжуулах (tokenization) замаар зах зээлийн үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулахыг илтгэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, SEC-ийн энэхүү алхам нь зөвхөн криптовалютын зах зээлд төдийгүй уламжлалт санхүүгийн салбарт ч томоохон нөлөө үзүүлэх юм. Хөрөнгийг токенжуулах нь үнэт цаасны арилжааг илүү хурдан, ил тод, хямд зардлаар явуулах боломжийг олгодог. Хэрэв АНУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллага энэ технологийг дэмжих байр суурьтай болбол дэлхийн хөрөнгийн зах зээлд блокчэйн суурьтай шийдлүүд илүү хурдацтай нэвтрэх хүлээлттэй байна.
Энэхүү стратегийн баримт бичиг нь одоогоор төслийн шатандаа байгаа ч SEC-ийн бодлогын өөрчлөлтийг харуулсан чухал дохио болж байна. Залуу үеийн хөрөнгө оруулагчид болон технологи сонирхогчдын хувьд энэ нь дижитал хөрөнгийн эрх зүйн орчин илүү тодорхой, тогтвортой болох эхлэл байж болох юм.