90-ээд оны сүүл үеийн шүтээн цуврал болох “Buffy the Vampire Slayer”-ийн Ксандер Харрис буюу жүжигчин Николас Брендоны хувийн амьдралтай холбоотой шуугиан дэгдлээ. Түүний дүү Келтон Шульц ахынхаа гараар бичсэн гэх гэрээслэл бүхий бичиг баримтыг шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг баримтад жүжигчин эр өөрийн бүхий л хөрөнгө, эд зүйлсээ хуучин эхнэртээ огт өвлүүлэхгүй байх, харин бүгдийг нь дүү Келтондоо үлдээх хүсэлтэй байгаагаа тодорхой бичсэн аж. Одоогоор Келтон Шульц ахынхаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг авахаар хуулийн байгууллагад хандаад байгаа юм.

Николас Брендон нь “Buffy the Vampire Slayer” цувралаар дэлхий дахинд танигдсан ч сүүлийн жилүүдэд хувийн амьдрал болон эрүүл мэндийн асуудлаас болж хэвлэлийн анхааралд өртөх болсон. Тэрээр удаа дараа хуулийн асуудалд орооцолдож, сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэлтэй тулгарч байсан нь фенүүдийнх нь санааг зовоосоор ирсэн билээ.

Одоогоор энэхүү гар бичмэл гэрээслэлийн үнэн зөв эсэхийг шүүх шалгаж байгаа бөгөөд жүжигчний хуучин эхнэрийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Холливудын оддын хувьд гэр бүл, өв хөрөнгийн маргаан тийм ч ховор үзэгдэл биш ч, Николасын хувьд энэ нь түүнийг тойрсон ээлжит нэгэн эмгэнэлтэй түүх болон үлдэх бололтой.