Криптовалютын салбарын тэргүүлэгч Coinbase компаниас зохион байгуулсан шинжээчдийн хэлэлцүүлгээр Биткоины ирээдүйн аюулгүй байдлын талаар ноцтой асуудал хөндөгдлөө. Тодруулбал, ирээдүйд бий болох хүчин чадал өндөр квантын компьютерүүд нь одоогийн блокчейн технологийн нууцлалыг эвдэх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Квантын компьютер гэдэг нь ердийн компьютерын олон жилийн турш хийх тооцооллыг хэдхэн секундэд гүйцэтгэх чадвартай, ирээдүйн технологи юм. Хэрэв ийм технологи нийтийн хэрэглээнд нэвтэрвэл Биткоиныг хамгаалж буй криптографийн түлхүүрүүдийг тайлах эрсдэлтэй. Хэлэлцүүлэгт оролцсон шинжээчид Биткоин сүлжээ энэхүү аюулд бэлтгэлтэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн ч, нэгэн маргаантай асуудал дээр байр суурь нь хуваагджээ.
Энэ нь хуучин технологиор хадгалагдаж буй, квантын халдлагад өртөх эрсдэлтэй сая сая Биткоиныг, тэр дундаа Биткоиныг үндэслэгч Сатоши Накамотогийн эзэмшлийн гэгддэг хөрөнгийг “царцаах” буюу гүйлгээнээс хасах эсэх тухай асуудал юм. Зарим шинжээч сүлжээний аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр хөрөнгийг хамгаалалтын шинэ систем рүү шилжүүлэх эсвэл түр хугацаанд царцаах хэрэгтэй гэж үзэж байна. Харин эсрэг талынхан нь Биткоины үндсэн зарчим болох “төвлөрсөн бус байдал” болон “хөндлөнгөөс оролцох боломжгүй” байдлыг эвдэх нь илүү хор уршигтай гэж үзэж байгаа юм.
Одоогоор Биткоин сүлжээнд квантын дайралт хийх боломжтой технологи бүрэн хөгжөөгүй байгаа ч, технологийн хурдацтай хөгжлийг харвал энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдэг нь тодорхой байна. Крипто ертөнцийн хувьд энэ нь зөвхөн техникийн асуудал төдийгүй, Биткоиныг анхны зарчмаар нь авч үлдэх үү, эсвэл аюулгүй байдлын төлөө өөрчлөлт хийх үү гэсэн томоохон сорилт болоод байна.