Ирээдүйд бий болох хүчирхэг квант компьютэрээс Биткойны сүлжээг хамгаалах шийдлийн тооцооллын зардлыг судлаачид 82 хувиар бууруулж, 59 ам.доллар болгосон байна.
StarkWare, Yukon Research болон Eigen Labs байгууллагуудын хамтран зохион байгуулсан "Quantum-Safe Bitcoin Optimization Challenge" уралдааны үр дүнд график картын (GPU) программ хангамжийг сайжруулснаар уг амжилтад хүрчээ. Анх 8-р сард StarkWare уг аргыг туршихад зардал 320 ам.доллар орчим байсан бол 9-р сард 67 ам.доллар, харин 10-р сарын 13-ны байдлаар 59 ам.доллар болж буурсан байна. Хиймэл оюуны тусламжтай кодын хэрэгслүүдийг ашигласнаар Nvidia RTX 4090 график карт дээрх шалгалтын хурдыг секундэд 146 саяас 1 тэрбум гаруй болгон нэмэгдүүлжээ.
Гэхдээ энэхүү 59 ам.долларын тооцоолол нь сүлжээний бодит гүйлгээ биш бөгөөд загварчилсан симуляцид суурилсан, техник хангамжаас хамаарах тооцоо юм. Үүнд Биткойны сүлжээний шимтгэл ороогүй бөгөөд цаашид уг зардлыг 10 ам.доллароос бууруулахаар зорьж буйг StarkWare мэдэгдэв.
6 сая Биткойн эрсдэлд өртөж болзошгүй
StarkWare-ийн судлаач Авиху Левигийн танилцуулсан "Quantum-Safe Bitcoin" (QSB) арга нь Биткойны суурь протоколыг өөрчлөхгүйгээр, одоогийн дүрэм журмынх нь хүрээнд хэш суурьтай криптограф ашиглан квант халдлагаас хамгаалах боломжийг олгодог аж.
Квант технологийн хөгжил эрчимжиж байгаа тул энэ төрлийн хамгаалалт чухалд тооцогдож байна. Гуравдугаар сард Google Quantum AI-аас хийсэн судалгаагаар ирээдүйн квант компьютэр нь Биткойны ашигладаг криптограф түлхүүрийг 500,000 хүрэхгүй физик кубит ашиглан хэдхэн минутын дотор тайлах боломжтой гэж тооцоолсон нь өмнөх таамгаас даруй 20 дахин бага үзүүлэлт юм.
Glassnode судалгааны байгууллагын мэдээлснээр тухайн үед нийт Биткойны 30.2 хувь буюу 6.04 сая BTC-ийн нээлттэй түлхүүр (public key) блокчэйн дээр ил гарсан байжээ. Үүнд хаягийн бүтцээс шалтгаалан ил болсон 1.92 сая BTC болон хаяг дахин ашигласан зэрэг шалтгаанаар ил гарсан 4.12 сая BTC багтаж байна. Хэрэв хангалттай хүчин чадалтай квант компьютэр бий болбол эдгээр ил гарсан нээлттэй түлхүүрээс хувийн түлхүүрийг (private key) гарган авч, хөрөнгийг хяналтдаа авах онолын эрсдэлтэй гэж үздэг.