Дэлхийн хөгжмийн түүхийг өөрчилсөн Британийн домогт "The Beatles" хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан гайхалтай мэдээ ирлээ. 1964 онд Их Британийн BBC телевизийн "Top of the Pops" нэвтрүүлэгт хамтлагийнхны анх удаа оролцсон дүрс бичлэг олон арван жилийн турш сураггүй алга болсонд тооцогдож байсан ч саяхан олджээ.

Тухайн үед BBC телевиз олон нийтийн нэвтрүүлгийн архивыг хадгалах тал дээр төдийлөн анхаардаггүй байсны улмаас олон үнэтэй бичлэгүүд устгагдсан байдаг. Харин энэ удаад Британийн түүхэн дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалагчид 35 мм-ийн хальсан дээр буулгасан ховор бичлэгийг олж авснаар хөгжмийн ертөнцөд жинхэнэ шуугиан тариад байна. Энэхүү бичлэг дээр "The Beatles" хамтлаг өөрсдийн алдарт "Can’t Buy Me Love" болон "You Can’t Do That" дуунуудаа амьдаар дуулж байгаа нь дүрслэгдсэн аж.

Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нараас бүрдсэн "The Beatles" нь 1960-аад оны үед дэлхий дахиныг байлдан дагуулж, поп соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлсэн хамтлаг юм. Тэдний энэхүү бичлэг нь тухайн үеийн залуучуудын соёл, хөгжмийн хэв маягийг харуулсан үнэт өвд тооцогдож байна. Одоогоор энэхүү бичлэгийг олон нийтэд бүрэн эхээр нь хэзээ үзүүлэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч хөгжим сонирхогчид болон судлаачдын хувьд энэ нь түүхэн том ололт боллоо.