Бонни Тайлер гэх нэр хэдийгээр залуучууд бидэнд төдийлөн танил биш байж болох ч, түүний "Total Eclipse of the Heart" дууг сонсоогүй хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл энэхүү домогт дуучин маань Португалд яаралтай хагалгаанд орсныг Rolling Stone сэтгүүл мэдээллээ.
74 настай Уэльс гаралтай дуучин бүсгүй ирэх сард тоглолтуудаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хагалгааны дараах биеийн байдал нь ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Түүнийг хагалгаанд хүргэсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч, эрүүл мэндийн байдлыг нь анхааралтай ажиглаж байгаа аж.
Бонни Тайлер 1970-аад оноос хойш хөгжмийн ертөнцөд хүчтэй байр суурь эзэлсэн бөгөөд "It's a Heartache", "Holding Out for a Hero" зэрэг олон хит дуугаараа алдартай. Түүний хүчтэй, өвөрмөц хоолой нь дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчдийг бий болгосон билээ.
Бид түүний бүрэн эдгэрч, тайзан дээр эргэн ирэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!