Дэлхий даяар “Total Eclipse of the Heart” гэх хит дуугаараа алдаршсан, Уэльс гаралтай дуучин Бонни Тайлер Португал улсад гэдэсний яаралтай хагалгаанд орсон тухай Billboard мэдээллээ.

74 настай дуучин эмэгтэй тавдугаар сарын 22-нд Мальта улсад болох SummerLUST Music Festival-ээр зуны аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байсан юм. Хагалгааны дараах нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан аялан тоглолт хойшлогдох эсэх нь тодорхойгүй байна.

Бонни Тайлер 1970-аад оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд түүний “Total Eclipse of the Heart” дуу нь 1983 онд Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар сая сая хувь борлогдож байсан билээ. Тэрээр поп, рок, кантри зэрэг олон төрлөөр дуулдаг бөгөөд өвөрмөц хоолойгоороо сонсогчдын таашаалыг хүртсээр ирсэн.

Түүний эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа бөгөөд фенүүд болон хөгжим сонирхогчид түүнийг хурдан эдгэрэхийг хүсч байна.