Дэлхийн хөгжмийн ертөнцийн домог, 80-аад оны поп-рок урсгалыг тодорхойлогчдын нэг Бонни Тайлер Португал улсад яаралтай мэс засалд орж, улмаар эмнэлгийн ажиглалтад байх хугацаандаа ухаангүй байдалд орсон талаар Billboard мэдээллээ. 73 настай дуучин бүсгүй гэнэтийн хагалгааны дараа эмнэлгийн тусгай хяналтад байсан бөгөөд одоо түүний биеийн байдал тогтворжиж, ухаан орсон байна.

Энэхүү гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн дуучин бүсгүй энэ зун төлөвлөсөн байсан аялан тоглолтуудаа бүрэн цуцлахаас өөр аргагүй болжээ. Түүний төлөөлөгчид шүтэн бишрэгчдээс нь хүлцэл өчиж, одоогоор түүнийг бүрэн эдгэрэхэд анхаарлаа хандуулж байгааг мэдэгдсэн байна.

Бонни Тайлер нь 1983 оны “Total Eclipse of the Heart” зэрэг дэлхий даяар алдаршсан хит дуунуудаараа танигдсан, өвөрмөц хоолойтой уран бүтээлч юм. Тэрээр өндөр настай ч идэвхтэй уран бүтээл туурвисаар байгаа бөгөөд түүний энэхүү эрүүл мэндийн хүндрэл нь сая сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг түгшээгээд байна. Одоогоор эмнэлгийн зүгээс түүнийг хэзээ тайзан дээр эргэн ирэх болон мэс заслын нарийвчилсан шалтгааны талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ч, түүнийг ойрын хугацаанд эмнэлгээс гаргах төлөвтэй байна.