Америкийн поп хөгжмийн домог, дуучин, ая зохиогч Бэрри Манилоу хавдартай тэмцэж байгаатай холбоотойгоор Лас Вегас хотын Вестгейт зочид буудалд болох байсан тоглолтоо хойшлууллаа. 80 настай дуучин эрхэм өөрийн цахим хуудсаараа дамжуулан фэнүүддээ хандан ийнхүү мэдэгдсэн байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Би маш сайн ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд удахгүй тайзан дээр эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө намайг ойлгож, дэмжиж байгаад та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй Их Британид болох тоглолтоороо уулзацгаая” гэжээ.

Бэрри Манилоу 1970-аад оноос хойш хит болсон олон дуугаараа дэлхий дахинд танигдсан. Түүний “Copacabana”, “Mandy”, “Could It Be Magic” зэрэг дуунууд нь хөгжмийн ертөнцийн сонгодог бүтээлүүдийн нэг болсон юм. Тэрээр мөн Грэмми, Эмми, Тони зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртэж байсан билээ.

Түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэл фэнүүдийнх нь санааг зовоож байгаа ч, дуучин эрхэм удахгүй бүрэн эдгэрч, тайзан дээр эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.