Алдарт кантри дуучин Долли Партон 80 насандаа хорт хавдрын улмаас мягмар гарагт таалал төгссөн билээ. Тэрээр амьдралынхаа дурсамж, сэтгэл хөдлөлийг уран бүтээл болгодог байсан бөгөөд нас барсныхаа дараа ч хөгжмийн өв соёлоо хэрхэн үлдээхээ сайтар төлөвлөсөн байжээ.

Тэрээр 2014 онд Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн оршуулга дээр ямар дуу эгшиглүүлэхийг хүсэж буйгаа хуваалцаж байв. Олон хүн түүний алдарт "I Will Always Love You" дууг сонгоно гэж таамаглаж байсан ч тэрээр өөрийн гэр бүлтэй холбоотой "If We Never Meet Again" хэмээх госпел дууг сонгожээ. Уг дуу нь түүний аавын дуртай уран бүтээл байсан төдийгүй аавынх нь оршуулга дээр эгшиглэж байсан аж.

Партоны төлөөлөгчдийн мэдээлснээр тэрээр гэр бүлийн хүрээнд цомхон оршуулга хийхийг хүссэн байна. Түүний зээ дүү бөгөөд хамгаалалтын албаны дарга Брайан Сивер дуучныг "зөөлөн хөвөн дэвсгэрт" нойрсуулахыг хүссэн гэж хуваалцжээ.

Түүнчлэн Долли Партон 2015 онд 69 настай байхдаа "My Place in History" хэмээх цацагдаагүй шинэ дуу бичиж, түүнийгээ 100 насны ой буюу 2046 оны нэгдүгээр сарын 19-нд нээхээр гэрээсэлсэн байна. Уг дууг Теннесси муж дахь Dollywood’s DreamMore амралтын газарт байрлах тусгай модон хайрцагт CD болон CD тоглуулагчийн хамт хадгалжээ.

Тэрээр 2020 онд гаргасан "Dolly Parton, Songteller: My Life in Lyrics" номдоо "Тэр үед хөгжим ямар болохыг таашгүй, хайрцаг доторх нь муудаж гэмтээгүй, тоглуулагч нь ажиллана гэж найдаж байна" хэмээн бичиж, уг дуугаа өөрөө сонсох насандаа хүрнэ гэж найдаж буйгаа хошигнон өгүүлж байжээ.