Америкийн алдартай кантри дуучин Долли Партон эрүүл мэндийн тодорхойгүй асуудлын улмаас наймдугаар сарын 14-ний Баасан гарагт өөрийн нэрэмжит "Dollywood" хүрээлэнд нээгдсэн NightFlight Expedition хэмээх галзуу хулганы нээлтэд хүрэлцэн ирж чадсангүй.

Теннесси мужийн Пижон Форж хотод байрлах уг хүрээлэнгийн ерөнхийлөгч Южин Нотон нээлтийн үеэр 80 настай дуучны илгээсэн тусгай дүрс бичлэгийг үзэгчдэд хүргэсэн байна. Уг бичлэгт Долли эрвээхэйн далавчтай дүрслэгдсэн бөгөөд Нэшвиллд байгаагаа дурдаад биечлэн очихоор төлөвлөж байсандаа хүлцэл өчжээ. Тэрбээр заримдаа толгой нь эргэж, шингэн дутагддаг эрүүл мэндийн асуудалтай байгааг эмч нар нь анхаарч, 200 милийн аялал хийхгүй байхыг зөвлөсөн гэж тайлбарласан байна.

Тэрбээр бичлэгтээ "Миний Нэшвилл дэх эмч намайг энэ долоо хоногт аялж болохгүй гэж хэлээд далавчийг минь хайчилчихлаа" хэмээн хошигнож, хүрэлцэн ирсэн шүтэн бишрэгчдэдээ хөгжилдөхийг хүссэн юм.

Долли Партон нууцалсан зарим эмнэлгийн ажилбарын улмаас есдүгээр сард Лас-Вегас дахь тоглолтын хуваариа хойшлуулснаа зарласнаас хойш олны өмнө гарах нь эрс цөөрсөн юм. Харин өнгөрсөн гуравдугаар сард "Dollywood" хүрээлэнгийн 41 жилийн ойн нээлтийн үеэр биечлэн оролцож үг хэлэхдээ аялан тоглолтоо түр зогсоож, эрүүл мэнддээ анхаарч байгаа тухайгаа хуваалцаж байжээ.