Кантри хөгжмийн нэрт төлөөлөгч, дуучин, дуу зохиогч Долли Партон таалал төгссөний дараа түүний уран бүтээлүүдийн хандалт эрс нэмэгдэж, алдарт “9 To 5” дуу нь Их Британийн “Official Singles Chart”-ийг анх удаа тэргүүлэх чиглэлд явж байна. 1980 оны ижил нэртэй инээдмийн кинонд зориулан бичсэн уг дуу нь өнгөрсөн долоо хоногт тус чартын 12 дугаар байранд хүрсэн бол 8-р сарын 30-ны дундын мэдээллээр нэгдүгээр байр руу урагшилж байгаа аж.

“Official Charts Company”-ийн мэдээлснээр түүний бүтээлүүдийн сонсолт болон борлуулалт өмнөх долоо хоногоос 350 хувиар өссөн байна. Түүнчлэн түүний 1973 оны сонгодог бүтээл болох “Jolene” чартын 2-р байранд, харин Кенни Рожерстой хамтарсан “Islands in the Stream” дуу 6-р байрт эрэмбэлэгдэж байна.

Өнгөрсөн мягмар гарагт буюу 8-р сарын 25-нд Долли Партон хорт хавдартай богино хугацаанд тэмцсэний эцэст 80 насандаа Нашвилл хотод таалал төгссөн тухай зарласан юм. Тэрээр эрүүл мэндийн тодорхойгүй асуудлын улмаас сүүлийн 12 сарын хугацаанд олны өмнө төдийлөн гараагүй бөгөөд 2025 онд Лас-Вегаст хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцлахад хүрээд байжээ.

Долли Партоныг 2024 онд Billboard-ын зүгээс бүх цаг үеийн шилдэг кантри уран бүтээлчээр нэрлэсэн бөгөөд тэрээр “Top Country Albums” чартын эхний 10-т нийт 49 цомгоо багтаасан нь эмэгтэй уран бүтээлчдийн хувьд дээд амжилт юм. Мөн түүний 2023 онд гаргасан “Rockstar” цомог “Billboard 200” чартын 3 дугаар байранд бичигдэж байв.

Их Британийн чартын дундын шинэчлэлээр өөр бусад уран бүтээлчдийн дуунууд ч шилдэг 40-д багтах боломжтой байна. Тухайлбал, Алекс Уоррены “Wildchild” цомгийн “Cry Wolf” дуу 21-д, “Emerald Eyes” нь 23-т эрэмбэлэгдэж буй бол Дуа Липагийн “Training Season” 36 дугаарт эргэн орж ирэх төлөвтэй байна. Түүнчлэн Оливиа Родригогийн “Serena Joy” дуу 39 дүгээр байрт бичигдэж байна.