Дэлхийн хэмжээнд 29 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг төв банкууд болон үндэсний баялгийн сангууд хөрөнгө оруулалтын стратегидаа томоохон өөрчлөлт хийж байна. Инвеско (Invesco) бие даасан хөрөнгө оруулалтын менежментийн фирмээс гаргасан шинэ судалгаагаар эдгээр байгууллагууд эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж.

Судалгаанд хамрагдсан 90 үндэсний баялгийн сан болон 54 төв банкны төлөөлөл геополитикийн урьд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтүүдээс үүдэлтэйгээр ам.долларын ханштай холбоотой эрсдэлүүдэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү нөхцөл байдал нь хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд хөрөнгө оруулагчид аливаа эдийн засгийн цочролыг даван туулах чадвартай, тогтвортой багцыг бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү багцын өөрчлөлт нь дэлхийн санхүүгийн зах зээл дэх тодорхойгүй байдал болон улс төрийн хүчин зүйлсээс шууд хамааралтай байгаа юм.