Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн Philadelphia Eagles багийн одон тоглогч асан Жейсон Келси хиймэл оюун ухааны дата төвүүдийг хөргөх зориулалтаар шээс цуглуулах тухай хачирхалтай уриалга гаргасан сурталчилгааны бичлэгт тоглосон нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Энэхүү 90 секундийн сурталчилгаа нь түүний дүү Трэвис Келситэй хамтран эзэмшдэг хөнгөн шар айрагны брэнд болох Garage Beer болон өвөрмөц ундааны Liquid Death брэндийн хамтын маркетингийн аян юм. Тус видео бичлэгт Жейсон Келси хиймэл оюун ухааны дата төвүүд компьютероо хөргөхийн тулд өдөр бүр сая сая галлон цэвэр ус үрж байгааг онцлоод, үүний оронд шээс ашиглахыг уриалж, дуу хүртэл дуулжээ.
Уг маркетингийн хүрээнд «The Liquid Death x Garage Beer Data Center Coolant Collector» нэртэй тусгай шилэн савыг сурталчилсан байна. Энэ нь хэрэглэгчдийг Garage Beer-ийн хөнгөн шар айраг болон Liquid Death-ийн шинэ хийжүүлсэн энергийн ундааг худалдан авахад чиглэсэн маркетинг ажээ.
Гэсэн хэдий ч энэ нь цэвэр хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилготой үзүүлбэр бөгөөд бодит амьдрал дээр шээсээ дата төвүүд рүү илгээхийг хүсээгүй байна. Liquid Death-ийн албан ёсны цахим хуудас дахь бүтээгдэхүүний тайлбарт «Удирдлагууд та бүхнийг шээсээ бодитоор бүү илгээгээсэй гэж хэлүүлэхийг хүссэн» хэмээн дурджээ.
Өмнө нь Garage Beer-ийн 16 минутын богино хэмжээний сурталчилгааны кинонд эхнэр Кайли Келситэйгээ хамт гол дүр бүтээж байсан Жейсон Келси энэ удаагийн 90 секундийн бичлэгт ч жүжиглэх ур чадвараа дахин харуулсан байна.