Алдарт The Beatles хамтлагийн гитарчин Жорж Харрисоны хувийн архиваас бүрдсэн "The Third Eye: Early Photographs" хэмээх гэрэл зургийн ном худалдаанд гарч, Amazon-ий гэрэл зургийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Энэхүү ном нь хамтлагийн гишүүдийн ажил болон амьдралын эгшинүүдийг харуулсан, өмнө нь нэгтгэгдэж байгаагүй 200 гаруй зургийн цуглуулга гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн эдгээрийн дотор олон гэрэл зураг анх удаа нийтлэгдэж байгаа бөгөөд нийтдээ засварлаагүй гэрэл зургуудаас эхлээд 8 мм-ийн кино хальсны агшнууд хүртэлх 250 дүрсийг багтаажээ.

Эдгээр бүх зургийг Харрисон өөрийн Pentax хальсны аппаратаар 1963-1970 оны хооронд буюу хамтлагийн хамгийн бүтээлч оргил үед дарсан байна. Энд "A Hard Day’s Night" цомгийн ажил, "The Ed Sullivan Show" нэвтрүүлэгт оролцсон үе болон дэлхийг тойрсон аялан тоглолтуудын тайзны арын ховор агшнууд багтжээ. Мөн Жон Леннон, Ринго Старр, Пол Маккартни нарын хөрөг зургууд ч бий.

Random House хэвлэлийн газрын мэдээлснээр уг бүтээлийг Харрисоны бэлэвсэн эхнэр Оливиа Харрисон эмхэтгэн бэлтгэсэн байна. Номын өмнөх үгийг Оливиа бичсэн бол төгсгөлийн үгийг Букерын шагналт зохиолч Жорж Сондерс тэмдэглэжээ. Зургуудад Харрисоны өөрийнх нь дурсамж, тайлбар бичвэрүүдийг хавсаргасан байна.

Жорж Харрисон нэгэнтээ "Камер нь юмсыг өөр өнцгөөс харах боломж олгодог учраас би дуртай. Чи аливаа зүйлийг байгаагаар нь биш, мэдрэгдэж байгаагаар нь харагдуулж чадна" хэмээн ярьж байжээ.