Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий дуу бичлэгийн компани болох Epic Records-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар (CEO) томилогдсон Эзекил Льюис тус албан тушаалд очсоноос хойш анх удаа Billboard-ийн "On The Record" подкастад ярилцлага өглөө.

Тэрбээр өмнө нь дуу зохиогч, продюсероор ажиллаж байсан бөгөөд Жастин Биберийн "One Less Lonely Girl" зэрэг алдартай бүтээлүүдийг зохиож, Тимбаландтай хамтран ажиллаж байсан туршлагатай юм. Бизнесийн салбар руу шилжих болсон шалтгаанаа хуваалцахдаа тэрээр дуу зохиогчийн хувиар амжилтад хүрсэн нь гайхамшиг байсан бөгөөд уран бүтээлч бүрт өөр өөр дэмжлэг хэрэгтэй байдгийг онцолжээ.

Одоогоор Epic Records нь Travis Scott, Future, 21 Savage, Tyla, Giveon зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Эзекил Льюис ярилцлагынхаа үеэр дуучин Tyla-тай хэрхэн гэрээ байгуулж, дэлхийн од болгон хөгжүүлсэн түүхээсээ хуваалцсан бөгөөд түүнийг цар тахлын үеэр дэлгэцийн цаанаас хараад л онцгой чадвартай (X factor) гэдгийг нь бүрэн мэдэрсэн гэдгээ дурджээ. Мөн Трэвис Скотт түүнээс Tyla-тай хамтрахад туслахыг хүссэний дагуу тэднийг нэгэн уран бүтээлд хамтруулсан тухайгаа ярьсан байна.

Түүнчлэн хип хоп, рэп хөгжмийн салбарт ажиглагдаж буй уналтын талаар байр сууриа илэрхийлэхдээ, энэ нь цар тахлын үеийн нөлөө, богино хугацааны хитүүд, ТикТок болон хэт их анхны хөрөнгө оруулалттай холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч хөгжмийн бизнес нь давалгаа шиг ээлжлэн солигддог эргэлттэй салбар бөгөөд хип хоп хэзээ ч мөхөхгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.